Macbook Pro хэрэглэж эхэлсэн анхны сэтгэгдэл

Macbook Pro 8G Ram, 128G SSD тэй захилав.

SSD. Миний хувьд зөөврийн тооцоолуур дээр их хэмжээний өгөгдөл байнга хадагалах шаардлага гардаггүй тул хурдыг нь бодож SSD сонгосон юм. XCode ийг 7 минутанд суулгасан тул эргэлддэг дискнээс дор хаяж 3 дахин хурдан байна гэсэн үг. Энэ бол дотрох эд ангийн хувьд мэдрэгдсэн гол үзүүлэлт.

RAM. Виртуал машин дотор өөр өөр үйлдлийн системүүд ажиллуулж туршихад санах ой маш чухал. 8G бол орчин үеийн ямар ч үйлдлийн системийг виртуалаар ажиллуулахад боломжийн юм байлээ.

Дэлгэц. High resolution antiglare дэлгэцийг сонгосон юм. Сайн талууд гэвэл гялбахгүй, бас орчны гэрэлд тохируулаад автоматаар дэлгэцийн гэрлийн хэмжээ өөрчлөгдөөд байгаа нь нүдэнд тун сайн. Нэг хачирхалтай зүйл нь системийн фонтыг томруулж болдоггүй. Өндөр нарийвлалтай дэлгэц учраас үсгүүд хэт жижиг харагдаад нэг л онцгүй. Хэрэглэдэг програм болгон дээрээ фонтоо тааруулах эсвэл дэлгэцийн нарийвчлалаа багасгах арга байна. Дэлгэцийн нарийвчлалаа багасгасан тохиолдолд бүрсийгээд тийм ч таатай бус. Иймд програм болгон дээр фонтын тохиргоо хийж таарч байгаа. Вэб хөтөч дээр бол фонтоо томруулах амархан, гэтэл зарим програм дээр фонт томруулах сонголт ч байхгүй. Миний хувьд ихэнх цагаа тэрминал дээр өнгөрөөдөг учир тэрминалийн фонт тохируулаад асуудлын 90% шийдэгдсэн гэх үү дээ.

Товчлуур. Өмнө нь ThinkPad хэрэглэдэг байсан болоод ч тэр үү, Macbook Pro гийн товчлуур шууд гологдож байна лээ. Бүдэг гэрэлтэй үед товчлуурууд араасаа гэрэлтдэг нь дажгүй ч, бүрэнхийд тооцоолуур дээр юм хийж нүдээ хорлох хүн ховор. Товчнууд нь их гүехэн бөгөөд хатуу гэх юм уу даа. Удаан ажилласан үед зарим хурууны өндөг болон эхний үе өвдөөд байсан. Иймд ихэнхдээ HHKB2 ашиглаж байгаа.

Unibody. Macbook Pro гаднаасаа маш гоё цэмцгэр. Сүүлийн загварууд Unibody гадартай болсон нь бүр ч гоё харагдуулдаг. Гэхдээ үзэмжээс чухал эргономик гэдэг зүйл бий. Тухайлбал яг бугуйн дор таараад байгаа хурц ирмэг нь Trackpad дээр гар очих үед их зовуурьтай(http://dustwell.com/macbook-pro-sharp-edge.html).