Үүл

Сүүлийн үед cloud computing гэж их яригдаж байна. Үүл гэдэг маань grid computing, clustering, data center зэрэг ойлголтуудыг нэгтгэсэн зүйл юм. Data center дотор grid, cluster ууд ажиллах бөгөөд энэ дэд бүтцийг амь оруулж байгаа програм хангамжууд, сервисүүд, бизнес модель бүгд нийлээд үүл гэж ойлгож болно.

Энгийнээр тайлбарлавал: хэрэглэгч бүх хэрэгцээт програм хангамж, өгөгдөл болон мэдээллээ интернэтэд байрлах сервэр дээр байрлуулж хэрэглэх юм. Мэдээллийн аюулгүй байдал, найдвартай байдал, арчилгаа тордлогоо зэргийг үүлийг ажиллуулж байгаа компани хариуцна. Энэ үйлчилгээнийхээ төлөө хэрэглэгчээс мөнгө авч орлого олно.

Хэрэглэгч талаас харвал, компьютер тоног төхөөрөмж худалдаж авах, програм хангамж хийх, хийлгэх, эсвэл худалдаж авах, суулгах, арчилах, нууцлалыг хангах, бэкап хийх гэх мэт бизнест шууд нөлөөгүй нэмэлт ажлууд алга болно. Жишээлбэл та нэг онлайн дэлгүүр нээх боллоо гэж бодьё. Сэрвэр худалдаж аваад($3000), програм хангамж хийлгээд($5000), түүнийг арчилж тордох нэг програмчин цалинжуулья. Дээрээс нь сар бүр интернэтийн төлбөр төлөхөөс авахуулаад зардал нэмэгдэнэ. Эхлэж байгаа бизнест дарамттай байх нь ойлгомжтой. Харин бэлэн байгаа онлайн дэлгүүрийг сард 200$ ч юмуу, эсвэл зарсан дүнгийнхээ багахан хувийг өгөөд хэрэглэвэл ямар вэ? Ингээд бодохоор үүл нь аль аль талдаа ашигтай.

Amazon, Google, Yahoo, Salesforce зэрэг компаниудын араас HP, Intel, IBM, Micorsoft гээд томцуул өөрсдийн үүлтэй болохоор зүтгэцгээж эхллээ. Үүлийг хүн болгон хэрэглээд эхлэх юм бол IT -ийн салбарт ажиллагсадын тоо цөөрч магадгүй гэж бодож байна. Мэргэжлээ солих, эсвэл мэргэжлээ дээшлүүлэх шаардлага гарна. Дунд болон доод түвшний IT -ийн ажилтнуудын ажлын байр цөөрнө гэсэн үг. SaaS -ийг маш амжилттай явуулж байгаа компани бол Salesforce байна. Эднийх бизнесийн цогц шийдлийг санал болгодог. Google харин төрөл бүрийн апликэшнүүдийг үүл болгож чадаад байна. Amazon хамгийн анхны томоохон үүлийг байгуулж чадсан компани. Эднийх өгөгдлийн сангийн үйлчилгээ болох S3 -аараа алдартай. Эдгээр компаниудын үйлчилгээ бараг бүгд дагалдах API(developer.force.com, code.google.com) -тай. Бусад үүлгүй компаниуд өөрсдийн апликэшн болон сэрвисүүдээ тэр API, сангуудыг ашиглаж хийгээд үүлэн дээр байрлуулж болно. Олсон ашиг орлогынхоо тодорхой хувийг өгөх, эсвэл тогтмол тарифтайгаар гэрээ хийж болно.

Монголын зах зээлийн хувьд үүлийг хэрэглэх гол дэд бүтэц болох интернет нь хэрэглэгчдийн хувьд хараахан хангалттай хурдтай байж чадахгүй, бас хангалттай олон хэрэглэгчдийг хамарч амжаагүй л байна(Гадаадын сайтууд руу холбогдоход хамаагүй удаан байдгийг мэдэх байх). Энэ нь дотоодын IT -ийн компаниудад Монголдоо үүл байгуулах давуу талыг олгож байгаа юм. Дэд бүтэц хангалттай хөгжсөн тохиолдолд Salesforce, Google эд нарын үүлэн дээр ганц хүнтэй компани ч гэсэн өөрийн сервисийг байрлуулчихаад орлого олоод байх бүрэн боломжтой.