Хийнгээ сурахуй

Аливаа юмыг сурах хамгийн сайн арга бол хийнгээ сурах гээд байгаа. Би ч үүнтэй санал нэг байдаг.

Програмчлагч хүн учраас өөрийнхөө туршлага дээрээс жишээ татья. Нэг шинэ програмыг хэрэглэж сурах болоход эхлээд өөрийн компьютер дээрээ суулгаад, өнөөхөө ажиллуулчихаад ухаж гарна, ухангаа шаардлагатай үед тусламжаас нь хэрэгтэй хэсгээ харчихна.

Шинэ програмчлалын хэл сурах болвол эхлээд тухайн хэл дээр бичсэн жишээг хөрвүүлж ажиллуулж үзнэ. Дараа нь өөрөө бага сага юм бичиж үзнэ, илүү хүндэвтэр юм хийж үзнэ, чадахгүй зүйл гарвал уншина, судлана, хайна. Тэгэхээр програмчлалын хэл сурахын хувьд, бичээд, уншаад, бичээд, уншаад, … гээд л хөврөнө дөө.

Ер нь шинэ зүйлийг бодит шаардлага тулгарсан үед идэвхитэй хурдан сурдаг юм. Хэзээ юунд хэрэглэхээ мэдэхгүй байж өдөр бүр нэмэгдэж байгаа шинэ технологиудаас алийг нь гэж судлах вэ дээ.

Сүүлийн жишээ дурдахад нэгэн нээлттэй эх бүхий вэб апликэшнийг өргөтгөх гэж python-той учрах шаардлага гарсан юм. Эхлээд нэг анхан шатны ном уншчихья гэснээ залхуураад шууд засах ёстой кодтойгоо ноцолдоод эхэлсэн. Ингээд хэд хэдэн plug-in дээр bug засч, бага сага зүйл өөрөө хийснийхээ дараагаар, python хэлний талаар нэг ном уншиж мэдлэгээ цэгцэлдиймүү гэж бодогдсон, гэхдээ одоо болтол уншаагүй л байна. Харин тэгж байтал rails гэж бас нэг найзтай болоод, түүнийг ашиглаж хэсэг юм хийсний дараа ruby хэлний талаар нэг ном уншдаг юмуу гэж санагдаад л байгаа, мөн л уншиж амжихгүй болов уу. Дараагийн сурах зүйл маань яаруулаад байгаа.

Гээд бодоод байхад миний хувьд аливаа юмыг хэрэгцээнийхээ хирээр судлаад л, бусдыг нь үлдээчихдэг юм. Яахав, болоод л байна, бусдыг нь дараа хэрэг болох үед нь судлана, наана нь хэрэглэхгүй баахан юм уншихаар угаасаа мартчихдаг хойно, дараа хэрэглэх үед угаасаа л reference харах болдог юм чинь -гэх мэтээр шалтаглана.

Ингэж сурахад сайн муу талууд бий. Муу тал нь тухай зүйлийн талаархи мэдлэг алаг цоог болно. Яг өөрийн хийж байсан зүйлээ л сураад үлдэнэ. Сайн тал нь нэгдүгээрт хурдан хугацаанд хэрэгтэй зүйлээ эзэмшиж цаг хожно, хоёрдугаарт тухайн хэрэгтэй зүйлийнхээ хүрээнд хангалттай практик эзэмшинэ.

Эцэст нь дүгнэж хэлэхэд аливаа технологийг эзэмшихдээ эхлээд хийж үзэнгээ нэн түрүүн шаардлагатай практик мэдлэг олж аваад, шаардлагатай бол сүүлд нь системтэй мэдлэгээр баяжуулвал зүгээр юм болуу гэж…