Нууц үг санагч
-Админ, би нууц үгээ мартчихлаа, сэргээгээд өгөөч!
-За, өмнөх шигээ нэртэй чинь адилхан болгочихъё, дараа нь сольчих?
-Өө, сануулсанд баярлалаа...
Бас нэгэн удаа:
-Админ, миний нууц үгийг сэргээгээд өг, тэгэх үү!
-Ахиад л чи юу, тэгээд Ftp юм уу?, эсвэл Файл сэрвэр үү?
-Yahoo?
Интернэт, вэб технологи хөгжихийн хирээр хүмүүс төрөл бүрийн вэб сайт, сүлжээний апликэшнүүдийг хэрэглэх нь ихэсчээ. Апликэшнүүд десктопоос сүлжээнд, улмаар интернэтэд шилжих үед нэгэн ярвигтай асуудал гарч ирсэн нь, олон хэрэглэгчдийг ялгах, мэдээллийн тусгаар байдал, нууцлалыг хангах явдал юм. Ингээд олон хэрэглэгч хандаж байгаа газар бүрт хэрэглэгчийн нэр, нууц үг гэсэн хослолоор хүмүүсийг ялгах боллоо. Сүлжээн дэх апликешн бүрт хэрэглэгчийн нэр, нууц үгтэй болсон болохоор, тэр бүрийг санах, найдвартай хадгалах шаардлага зүй ёсоор гарч ирэв.
Амархан нууц өгөхөөр хэн нэгэн тааж болох, хэт их хэцүү бол өөрөө мартчихдаг осол бий. Иймд ихэнх апликэшнүүд хэрэглэгчийн нууц үгийг санаж, дараа холбогдоход асуулгүйгээр нэвтрүүлэх боломжтой байдаг. Энэ нь мэйл клиентийн хувьд тусгай кодчилогдсон файлд, вэб апликешний хувьд session-оор дамжиж ажилладаг. Олон апликешний хандалтийг нэг төвлөрсөн газраас хянах зорилгоор LDAP зэргийг ашигладаг боловч, интернетийн орчинд түгээмэл биш. Интернэт орчинд OpenID зэрэг хэрэглэгчийг нэг хандах эрхээ олон газар хэрэглэх боломж олгодог сэрвисүүд ч байдаг. Хэдий энэ мэтчилэн нэг хандах эрхийг олон өөр газар ашиглах боломжууд бий болсон ч, өөрийн бүх хандах эрх, нууц үгүүдийг бүртгэн хадгалах шаардлага гарна.
Та нууц үгүүдээ тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичээд шургуулгандаа хийж, эсвэл текст файлд бичээд компьютер дээрээ хадгалж ч болно. Мэдээж энэ 2 арга эхнийх нь хэрэглэхэд хэцүү, дараагийнх нь нууцлалын түвшин муу юм. Харин боломжийн нэг арга бол нууц үг хадгалагч програм хангамж хэрэглэж занших юм. Програм таны нууц үгүүдийг тусгай алгоритмаар кодлогдсон файлд хадгалах учир та ганцхан сүпер нууц үгийг л санаж байх хэрэгтэй. Энэ нууц үгээ боломжийн урт, янз бүрийн тэмдэгт агуулсан, гэхдээ та хэзээ ч мартахааргүйгээр сонгоорой(Хэрэв мартчих юм бол найраа байхгүй). Мэдээж бас нэг анхаарах зүйл нь нууц үгтэй файлаа энд тэнд олон газар тараан найдвартай хадгалж авах хэрэгтэй. Би KeePass хэмээх нээлттэй эх бүхий програмыг хэрэглэдэг, та ч бас хэрэглээд үзээрэй.