Хэлээр бичих, Хэл дээр бичихийн ялгаа

Нэг өгүүлбэрийг хэд хэдэн хэл дамжуулан орчуулаад эргээгэээд анхны хэл рүүгээ орчуулахад нилээд өөр утгатай болчихдог тухай баримт байдаг. Учир нь хэл болгон илэрхийлэх арга, бүтэцтэйгээс гадна, хэлээ дагаад сэтгэлгээ нь ондоо байдаг. Үүнтэй адилаар програмчлалын хэлүүд ч гэсэн зорилго чиглэлээсээ хамаараад өөр өөрийн онцлог бүхий өгүүлбэр зүйн бүтэц, илэрхийлэх арга, бас сэтгэлгээ, суурь ухагдахуунуудтай. Нэг хэл нь системийн програмчлалд дөхөмтэй байхад нэг нь вэб програмчлалд ойрхон, нөгөө зарим нь бизнес апликэшн хийхэд амархан байх жишээтэй.

Гадаад үггүй хэл гэж үгүй. Нэг хэлнээс нөгөөд орчуулахад төвөгтэй, эсвэл огт орчуулагдахгүй үгс байдаг учраас тэр байх. Орчин үеийн аль ч хэлнээ гадаад үг заавал хэрэглэгдэж байгаа гэдэгтэй маргах хэрэггүй. Зөвхөн нэг програмчлалын хэл дээр томоохон програм хангамжийг хийнэ гэдэг ч мөн үгүй болжээ. Иймд орчин цагийн програмчин хүн заавал хэд хэдэн хэл мэдэж байх шаардлагатай болсон байна. Гэхдээ олон хэл сурна гэдэг учиртай.

Одоо хэлээр бичих, хэл дээр бичихийн ялгааг тайлбарлахыг оролдоё.

Хэл дээр бичнэ гэдэг нь зөвхөн тухайн хэлнийхээ аялага, хэллэгийн хүрээнд сэтгэж, өөрийнхөө мэддэг тухайн хэлнийхээ боломжид л хязгаарлагдахыг хэлж байна. "Ингээд миний мэддэг орос хэл дууслаа" -гэдэгтэй л агаар нэг гэсэн үг. Харин хэлээр бичнэ гэдэг нь ямар хэл дээр бичиж байгаагаас хамааралгүйгээр өөрийн санааг тэр чигээр нь програмдаа буулгахыг хэлж байгаа юм. Санаагаа монголоор ч, англиар ч, японоор ч, зааны ясан эргийн хэлээр ч нэгэн утгатай илэрхийлнэ гэдэг амаргүй. Хэрэгтэй функцээ С-гээр ч, Жава-гаар ч, Basic-ээр ч, Perl -ээр ч адилхан үр дүн өгөх хэмжээнд бичих ч амар бишээ.

Жинхэнэ програмчин хүн бол бодсон зүйлээ програмчлалын хэлнээс хамааралгүйгээр төсөөлөөд, нөхцөл байдалд тохируулан аль нэг хэл дээр чөлөөтэй буулгаж чаддаг байх ёстой. Хэл болгоны онцлог, давуу болон дутагдалтай чанаруудыг мэдэж байвал, ямар нөхцөлд ямар хэлийг хэрэглэх нь оновчтой болохыг шийдэхэд дөхөмтэй байх болно.

Ямар нэгэн зүйлд хязгаарлагдалгүй асуудлыг өргөнөөр харж, чөлөөтэй сэтгэж чадсан хүн ихийг бүтээдэг бөгөөд, шийдлийг урьдчилан төсөөлсөн байхад зам зуурт тохиолдох жижиг бэрхшээлүүдийг давах нь шүд угаахын л адил өдөр тутмын ажил билээ.