Чулуутай шөл, Буцалсан мэлхий
“Прагматик програмчин” номын 1-р бүлгээс
Дайн дуусч, гэр лүүгээ буцаж явсан гурван цэрэг нилээд өлссөн байлаа. Тэгтэл нэгэн жижиг тосгон дайралджээ. Өлссөн цэргүүдийг тосгоныхон цадтал нь дайлах байх гэж бодсоор тосгон руу очтол хэн ч тэгсэнгүй. Дайны тарчиг цагт тосгоныхон хоол хүнсээр гачигдаж хашраад, байгаа бүхнээ бусдаас нуудаг болсон байлаа.
Гэвч цэргүүд тогоонд ус хийж буцалгангаа дотор нь гурван чулуу хийчхээд, эгээ л амтат шөл болох гэж байгаа мэт галаа тойрон сууцгаав. Гайхсан тосгоныхон харахаар тойрч ирэхэд, “Энэ бол чулуутай шөл” -гэж тайлбарлав. “Тэгээд дотор нь зөвхөн чулуу л байгаа хэрэг үү?” -гэж гайхахад, “Тиймээ, гэхдээ хэдэн лууван нэмээд хийчихвэл хамаагүй амттай болох дог шүү” -гэвэл нэг нь гүйж хариад зоориноосоо хэдэн лууван авч ирлээ.
Хэдэн хормын дараа, “Ингээд л болоо гэж үү?” -хэмээн хэн нэг нь бас л асуув. -Тийм, гэвч хэдхэн төмс байвал ч бүр янзтай болно доо. Тосгоныхноос ахиал нэг нь зоорь луугаа гүйв.
Ингээд нэг цаг өнгөрөхөд цэргүүд шөлөндөө гахайн мах, байцаа, сонгино, давс зэргийг нэмж дөнгөв. Хүн болгон зооринд байгаа зүйлээсээ орц нэмсээр байлаа.
Ийнхүү хэсэг хугацааны дараа тэд тогоо дүүрэн уур нь савссан амтат шөлтэй болоход цэргүүд тогооноос чулуунуудыг гаргаж хаяаад тосгон даяараа ойр хавьд идэж үзээгүй хоолыг хамтдаа сууж зооглоцгоов.
Энэхүү чулуутай шөлний түүхэнд хэдийвээр цэргүүд тосоныхныг мэхлэж зоорь луу нь гүйлгэж байгаа мэт боловч, гол нь цэргүүд өдөөгч болж, тосгоныхон ганц нэгээрээ хийж дөнгөхгүй үр дүнг хамтран бий болгож байгаа юм. Эцсийн дүнд бүгд хожсон.
Тэгэхээр одооноос цэргүүдийн аргыг хэрэглэж сур.
Тухайлбал чи ямар нэг зүйлийг хийхэд юу юу шаардагдах болоод яаж хийхийг мэдэж байж болно. Бүх систем нүдэнд чинь төсөөлөгдөөд байдаг, харин хүмүүсээс очоод зөвшөөрөл хүсэх юмуу тусламж гуйхад янз бүрийн шалтгаан, удаашрал, эсэргүүцэлтэй тулгарчихдаг. Хүн болгон өөрийн эрх ашгийг хамгаалах ба, өөрт байгаа нөөцөөс(цаг, санхүүжилт) амар өгөхгүй.
Иймд тэдэнд эхлээд чулуутай шөлөө үзүүлэх хэрэгтэй. Үнэхээр болох бүтэх гэж байгаа юм шиг ажлаа эхэл, тэдэнд бараг болчихсон юм шиг харуул. Мэдээж чулуу учраас тэд ингээд болоо юмуу гэж асуух вий. Энэ бол чиний хүлээж байсан зүйл юм-Тэр үед нь нэг их чухал биш юм шиг царайлаад, -Бараг л тийм дээ, гэхдээ одоо бид иймхэн юм, ингээд нэмчихвэл бүр илүү болно байх гэж хэлээд орхичих. Тэгээд хүлээж байхад тэд аяндаа яг хүсэж байсан юмыг чинь өгөхөөр/нэмэхээр өөрсдийн санаачлагаар ирэх болно. Хүмүүст дараа дараагийн ахицуудыг бага багаар нь цухалзуулахад тэд алхам алхамаар ахиулсаар цогц үр дүнд аажим хүрнэ. Хэрэв чи пал хийтэл бүгдийг нэг мөсөн хийх гэж оролдсон бол хана мөргөж, хов хоосон хоцрох байсан байж мэдэх юм.
Зөвлөгөө 5. Өөрчлөлтийг өдөөж өг.
Нөгөө талаас:
Чулуутай шөлний түүхийг тосгоныхны талаас авч үзвэл бага багаар ятгалгад автсан байдал харагдана. Хэтэрхий бачим хүрээнд анхаарлаа төвлөрүүлсэн гэж ойлгож болно. Тосгоныхон зөвхөн чулууны тухай бодоод, бусад зүйлийг мартснаас цэргүүдийн арганд орсон. Бидний өдөр тутмын амьдралд ч ийм нөхцөл байдал бидний толгойг эргүүлэхэд бэлэн байж л байдаг билээ. Төслүүд үл анзаарагдам аажмаар хяналтаас гарчихсан байдаг. Системийн түвшний алдаа сэв, үл мэдэгдэм бага зүйлсээс үүсэж эхэлсэн байдаг. Ингэж явсаар ихэнх төслүүд нэг л өдөр хугацаанаасаа хоцорч эхэлдэг. Систем анхны шаардлагаасаа ганц нэгхэн шинж чанараар зөрсөөр нэг мэдэхэд тэс ондоо болж хувирдаг. Засварууд ар араасаа нэмэгдсээр анхны кодоос юу ч үлдэхгүй болтлоо өөрчлөгддөг. -Үл ажиглагдам жижиг зүйлс хуримтлагдсаар баг болоод ёс дэгийг эвддэг юм.
Зөвлөгөө 6. Зургийг бүхэлд нь хар.
Үүнийг үнэн эсэхийг нь туршиж үзээгүй ч мэлхийг буцалж буй усанд шидэхэд ойж байгаа мэт үсрээд гарчихдаг гэнэ. Харин мэлхийг хүйтэн усанд хийгээд бага багаар халаахад тэрвээр усны хэм нэмэгдэж байгааг анзааралгүй байсаар болчихдог байна.
Буцалсан мэлхийн жишээ бол Хагархай цонхны онолоос ондоо юм. Хагархай цонхны тохиолдолд хэн ч хайхрахгүй зүйл гэж бодсоноос баг бүхэлдээ замбараагүйтэлтэй тэмцэх хүсэлгүй болдог. Харн мэлхий бол халуун нэмэгдэж байгааг л мэдрээгүй.
Битгий мэлхий шиг байгаарай. Зургийг томоор нь хар. Зөвхөн өөрөө юу хийж байгаагаа бус, ойр орчиндоо юу болж байгааг тогтмол эргэн харж шинжиж бай.
Даалгавар. Цэргүүд тосгоныхныг аажмаар хуурсан, гэвч тэдний өдөөсөн өөрчлөлт нь бүгдэд сайн зүйл болсон. Гэтэл мэлхийг ч мөн аажим хуурсаар түүнд муу зүйл болж төгсдөг. Одоо та өөрийн бусадтай хамтарч хийх ямар нэг ажлыг өдөөгч дүрд тоглож амжуулах гээд үз. Өөрийн өдөөж байгаа өөрчлөлтөөр чулуутай шөл хийж байна уу, мэлхийтэй шөл хийж байна уу гэдгээ ялгаж чадах уу? Хариулт обьектив уу, субьектив уу?