Галт хана уу?, Галын хана уу?
Сүлжээг гадны халдлагаас хамгаалдаг firewall гэдэг зүйл буй. Үүнийг монгол хэлнээ галт хана гэж орчуулж хэрэглээд байдаг. Би ч мөн тэгж орчуулах нь зөв гэж боддог байлаа.
Барилга барихад гал нэвтрүүлдэггүй хана буюу firewall гэдэг зүйл байдаг ба тэр нь нэг өрөөнд гарсан галыг бусад өрөө рүү нэвтрэхгүй байлгах үүрэгтэй байдаг юм гэнэ. Галын хана муу эсвэл гал хэт их хүчтэй үед нэг өрөөнд гарсан гал бусад өрөө рүү дамжиж барилга тэр чигээрээ шатдаг байна.
Компьютерийн сүлжээнд хэрэглэдэг firewall нь мөн дээрхтэй агаар нэг - Гаднаас орж ирэх галыг дотогш нэвтрүүлэхгүй байх үүрэгтэйгээс гадна, олон дэд сүлжээнүүдтэй тохиолдолд аль нэг сүлжээнд гарсан галыг бусад сүлжээ рүү дамжуулах ёсгүй. Дээд зэргийн нууцлалтай сүлжээ дэд хэсэг бүртээ галын ханатай байхын учир энэ юм. Мөн компьютер болгон өөртөө галын ханатай байж болно.
Гал нь гаднах этгээдийг эсэргүүцэх хэрэгсэл биш гаднаас орж ирэх зүйл, харин хана нь тэрхүү галыг эсэргүүцэн хамгаалах утгатай байх нь. Галт хана бус Галын хана гэвэл зөв юм уу гэж бодлоо.
Жич: Гүүглийн хайлтаар firewall гээд хайвал галыг хааж байгаа(галд шатаж байгаа хана бус) хананы зургуудыг олж харж болно.