Тооцооллын хүчийг ашиглая
Сүпер компьютерийг юунд хэрэглэдэг, ямар ач холбогдолтой болохыг тоочоод барахгүй. Сансрын уудмаас эхлээд гариг дэлхийн цаг агаарыг хэдэн жилээр урьдчилан тооцоолж, хүний генийн шинж, физикийн ярвигтай асуудлууд, биологи, хими, нанотехнологи, молекулын загварчлал, өвчнийг анагаах эмийн найрлага, эдийн засгийн прогноз, цөмийн зэвсэг, батлан хамгаалах, криптограф гээд тоо томшгүй олон салбарт ашигладаг.
Өнөө цагт аливаа улс орныг хичнээн сүпер компьютертэй, тэдгээр нь хир хүчин чадалтай гэдгээр тухайн гүрний хүч чадал, техник технологийн хөгжлийг үнэлж болно гэхэд хилсдэхгүй.
Дэлхийн хамгийн хурдан сүпер компьютерүүдийг жилд хоёр удаа шалгаруулж Top 500 сайт дээр гаргадаг. 2006 оны сүүлийн хагасын байдлаар IBM BlueGene/L систем 280.6 teraflops (секундэд 280 трилион үйлдэл) -оор нэгдүгээрт жагсаж, эхний 10 дотор Испани, Франц, Японы системүүд багтаж чаджээ.
Сүпер компьютер бүтээхэд асар их хөрөнгө хүч шаарддаг учраас сүүлийн үед Грид, Кластер технологиудыг өргөнөөр ашиглах болсон. Тухайлбал SETI төсөл -сансраас ирэх радио дохиог шинжилж биднээс өөр ухаант бие сансрын уудамд байгаа эсэхийг хайхдаа грид технологийг ашигладаг. Хэрвээ та сонирхож байвал өөрийн компьютерийн зарцуулагдахгүй байгаа хүчин чадлыг энэ төсөлд хандивлаж болно. Энэ сүлжээний нийт тооцооллын хүч жилийн өмнө хамгийн хурдан сүпер компьютэрийн хүчин чадлаас давсан гэсэн мэдээ байсан. Грид нь тархсан байрлалтай компьютерүүдээр том хэмжээний тооцооллыг хувааж бодуулах зарчмаар ажилладаг. Тухайн бодлогын хуваагдах шинжээс маш их хамааралтай. Харин кластер бол олон тооны жирийн компьютерүүдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллуулах технологи юм.
Грид болон Кластерт Линуксыг өргөнөөр ашиглаж байна. Тухайлбал Boewulf - нээлттэй эх бүхий линукс кластер. Цаашлаад нээлттэй эх бүхий Java кластер систем ч байдаг. Ингээд судлавал хямд үнэ бүхий жирийн компьютерүүд дээр нээлттэй эх бүхий системүүдийг суурилуулснаар кластер систем босгож болох юм.
Манай Улсад өндөр хүчин чадалтай тооцооллын төвүүд байдаг эсэхийг тодорхой мэдэхгүй ч, хэрэгтэй гэдэг нь мэдээж юм. Хамгийн гол нь өндөр хүчин чадалтай тооцоолуурт хүнд бодлого хэрэгтэй, тооцоолох ажил хэрэгтэй, бодлогын хариу нь бидэнд ач тусаа өгдөг байх хэрэгтэй. Тэгвэл тэр ажил, судалгаа шинжилгээ нь манайд байна уу? Шинжээч судлаачид маань судалгаа шинжилгээндээ тооцоолуурыг ашиглаж сурах, шинжилгээ судалгаагаа орчин үеийн тооцооллын чадамж бололцоонд тулгуурлаж, урьд нь боломжгүй байсан зүйлсийг хийж болно гэдгийг ойлгох нь хамгийн наад захын нөхцөл юм.
Судалгаа шинжилгээнд тань нарийвчлалтай, асар их хурдтай тооцоолол зайлшгүй хэрэгтэй бол бид өнөөдөр өндөр хүчин чадалтай тооцоолуурыг харьцангуй хямд өртөгөөр бүтээж чадахаар болсоон.