Япон-Монгол орчуулагч

Оршил буюу зорилго

Японтой хамтарч ажиллахад тулгардаг хамгийн анхны бэрхшээл бол хэлний гачаал. Япон хэл сурах хэрэгтэй, гэхдээ хүн бүхэн сурах хэрэгтэй юу? Тэгвэл сайн орчуулгын програмтай болчихвол энэ бэрхшээлийн нилээд хэсгийг хөнгөвчилж өгөх нь мэдээж.

Үндэслэл буюу боломж

Та Монгол, Япон хэлүүд хоорондоо нилээд төстэй гэж дуулсан уу? Сүүлийн хэдэн сар жаахан үзсэн чинь үнэхээр төстэй юмнууд байх шиг байна аа. Гэхдээ үсэг нь бол шал өөр. Япон хэлэнд ханз, хирагана, катакана гэж 3 янзын үсэг бий, ханз бол тоо томшгүй олон гэсэн. Дүрмэнд нь харин монгол хэлтэй адил төстэй бүтэц их бий. Боломжын хэмжээнд орчуулгын програм хийчихэж болмоор ч юм шиг. Ямар ч байсан Англи-Монгол орчуулгын програм хийхээс лав хэд дахин амархан гэж баттай хэлж чадна.

Санал болон судлагаа

Ер нь бол хэлний орчуулга гэдгийг нэг ерөнхий програм хийчихээд, хэлний дүрэм болоод өгүүлбэрийн бүтэц, шинэ үг зэргийг бүртгээд өргөжүүлээд явах боломжтой. Ингэж хийх нь л хамгийн оновчтой болов уу. Төрөл бүрийн орчуулгын бэлэн багц модулиуд ч байдаг юм байна. Өнгөц судлахад ANTLR боломжын юм шиг санагдлаа. Бас Interlingua гээд нээлттэй төсөл байна. Гол санаа нь аль ч хэл рүү хөрвөх боломжтой дундын хийсвэр хэлний бүтэц үүсгэх юм. Ингэж чадсан байхад ямар нэгэн хэлийг Interlingua хэл дээр тодорхойлоод л тухайн хэлийг аль ч хэл рүү орчуулах боломжтой болох юм. Гэхдээ миний санахад энэ нь маш хэцүү. Харин ANTLR дээр Монгол ба Япон хэлний дүрмийг оруулах гээд үзвэл яадаг бол гэж. Хамгийн чухал нь хоёр хэлний хооронд хөрвөхүүлэх дүрмээ тодорхойлох юм. Заавал ANTLR байх ч албагүй. Дүрэм байхад дараа нь түүнийг боловсруулах програмыг янз бүрээр хийж болно.

Эхний ажил

Иймд хэлний бүтэцийг тогтоох(компьютэрээр боловсруулах боломжтой хэлбэрээр) төслийг тусад нь хэрэгжүүлсэн ч болох юм. Үүний тулд хэлний бүтцийг тодорхойлох форматыг бий болгох нь хамгийн эхний ажил болж байна.

Хэрэгжүүлэх хэлбэр

Энэ төслийг sourceforge дээр нээлттэй байдлаар эхлүүлвэл оролцох хүн байна уу? Хэлний зүйг тодорхойлох форматтай болоодохвол жижхэн дүрэм оруулаад, програмынхаа анхны хувилбарыг япон хэл мэддэг хэрэглэгчдээр туршуулах замаар дүрмээ цааш баяжуулаад явах юм. Хэрэглэгчид програмыг туршаад андуу ташаа орчуулж байвал алдааны жагсаалт руу яаж зөв орчуулгах ёстойг бүртгэнэ(мэдээж нилээн дэлгэрэнгүй мэдээлэл оруулна), хөгжүүлэгч түүний дагуу орчуулгын дүрэмд нэмэлт өөрчлөлт, засвар зэргийг хийнэ, ингээд шинэчлэгдсэн дүрмийг програм сэрвэр дээрээс автоматаар татаж авдаг байвал зүгээр. Хэрэглэгчийн өчигдөр алдаа руу бүртгэсэн дүрэм өнөөдөр програмаа ажиллуулж үзэхэд засагдчихсан байвал, гоё биш гэж үү. Зарим хэрэглэгчид өөрсдөө хэрэгцээ болоод онцлог нөхцөлдөө тааруулаад дүрмэнд локал өөрчлөлт оруулдаг байвал бүр таатай. Ингээд дугуй нэгэнт өнхрөөд эхэлчихвэл хөгжүүлэлт маань хэрэглэгчдээр жолоодогдож, дүрэм маань тасралтгүй сайжраад л байх болно.

Санаа оноо, оролцох сонирхолтой хүмүүс байвал бичээрэй. Хүлээж байгаа шүү.