Гар утасны програм хангамж

Саявтархан нэг японы програм хангамж хөгжүүлэлтийн жижгэвтэр компаниар явсан танин мэдэх аялалд оролцсон юм. Бага компани боловч сүрхий нарийн мэргэшсэн ажил хийдэг гэж байв. Гар утасны програм хангамж хөгжүүлдэг гэнээ. Гар утасны хатуумж(hardware) дээр үйлдлийн систем нь үйлдвэрээсээ ирнэ, түүн дээрх апликэшнүүдийг нь хийдэг юм байх. Захиалагч талаас ямар ямар апликэшн хийлгэх захиалгаа өгнө. Хөгжүүлэлтийн баг програм хангамжыг боловсруулаад чанарыг нь бас хангадаг гэнэ. Аялан явах үед нарийн ширийн юм үзүүлж харуулсангүй, тест хийж байгаа байдал гээд хэдэн хүн сууж байгаа өрөөнд оруулж харуулав. Гэхдээ энэ нь ч аргагүй юм, зах зээлд удахгүй гарах гэж байгаа шинэ бүтээгдэхүүн учраас бизнесийн нууц энэ тэр гээд элдэв юмс байдаг л бололтой.

Сүүлд нь асуулт хариултын үеээр ганц нэг асуулт тавих боломж гарахаар нь тестэд харгалзах алдааны тоо хэд байдаг вэ? гэж асуугаад автал 10000 тэстэд 3-4 алдаа олдог гэдэг байгаа! Тэгэхээр нь нэг төслийн хувьд нийт ер нь дунджаар хэдэн тэст хийдэг юм бол гэсэн чинь: дунджаар 300000(гурван зуун мянга) орчим тэст хийдэг, заримдаа 1000000(нэг сая) тэст хийх систем ч байдаг гэнээ. Овоо том тоо шүү. Түрүүн нь тэст хийх өрөөгөөр ороход нэг залуу тэст хийж байгаа гээд Excel-ийн хүснэгт нээчихсэн л бөглөөд байх шиг харагдсан юм. Нэг сая тэстийг Excel дээр бөглөөд явна гэдэг хэдэн хүний ажил болох бол доо. Хоёр сар орчим тэст хийнэ гэж байсан нь аргагүй л юм байна л даа. Жирийн комьпютерийн програм хангамжын хувьд бол энэ тоо эрс өөр л дөө. Тухайлбал 1000 -н тестэд 7 орчим алдаа илэрч байвал хэвийн гэж үзэх ч юмуу. Энэ тоо хөгжүүлэлтийн баг болоод төслийн шинж чанар, хугацаа, өгөгдсөн нөхцөл байдлаас хүчтэй хамаарах нь мэдээж гэхдээ л түрүүнд дурдсан гар утасны тесттэй харьцуулвал газар тэнгэр шиг ялгаатай байна.

Гар утсан дээр суулгаад хэдэн мянгаар нь зарах гэж байгаа болохоор маш найдвартай, тогтвортой байлгахын тулд ингэж хийхээс ч яахав. Өчнөөн төчнөөнийг зарчихсан, үйлчилгээ эхэлчихсэн хойно алдаа илэрвэл халуухан юм болох нь гарцаагүй.

Найдвартай байдал аа гэж… Энэ тухай дараа нэг бичих юм байна даа.