Оргил өөд

Хэрвээ та миний блог дотор орж ирээд энэ бичлэгийг уншиж байгаа бол оргил гэж юу хэлэх гээд байгааг гадарлаж л байгаа байх. Мэдээллийн технологи, гадаад аутсоорсингийн талаар билээ. Энд би оргил гэж хаана хүрэх тухай бичиж чадахгүй. Энэ бол миний мэргэжлийн хувьд тодорхойлон хэлэхэд маш хэцүү. Учир нь яг энэ бичлэгийг бичиж байгаа цаг мөчид мэдээллийн технологи гэдэг маргааш юу болохыг тааж хэлэхэд хэцүү тийм хурдацтайгаар хөгжиж байгаа билээ. Ийм учраас хүн бүхэн төсөөлж байгаа боловч яг тодорхойлж хэлэхэд хэцүү тийм оргил руу яаж авирах тухай өөрийн санааг хүрнэхээр шийдлээ.

Гэтэл нээрээ энэ оргил гэж ямаршуу зүйл юм бэ, бид яаж авирах вэ? Энэ бол авирах тусам өндөр болж өрсөлдөгчид нэмэгдэж байдаг зүйл. Тэгэхээр бид ямагт өмнө явахын тулд ямар тактиктайгаар хөдлөх ёстой вэ?

Бид хаана явна вэ. Үнэнийг хэлэхэд бид сүүлд явна. Сүүл сүүлдээ нилээд ард яваа гэж бодож байна. Яагаад гэхээр Ази тивийн хөгжиж байгаа орнууд аль эрт энэ тал дээр онцгой анхаараад одоо харин үр ашигаа нэгэнт хүртээд эхэлчихэж. Иймд бидэнд тэр олон сая хүн амтай, олон мянган програм зохиогч нартай хүчирхэг үйлдвэрлэгчидээс ялгарах онцлог, давуу тал гэж байхгүй л бол өөдөө гарна гэдэг худлаа. Өөдөллөө л гэхэд хямдхан хөлсөөр хэн ч хийчих кодыг л бичих болно.

Бид үүнийг хийхүү? Бид үүнийг хийж болно. Тухайлбал японы том зах зээл байна. Энэ зах зээлээс бид нар өөрсдийн багахан хувийг хүртэж болно. Бага гээд монголын бүх програм зохиогч нарийг завгүй байлгах дайтай ажлыг хийж болно. Гэхдээ бид үүнээс илүүг хийж чадна. Хятад ветнамчуудын чадахгүй байгаа зүйлийг хийж чадна. Эдний хийдэггүйг л хийх хэрэгтэй байна. Энд тэдний хийж чаддаггүй зүйл байнаа. Энэ нь Юу вэ?

Мундаг ухаан зарсан нарийн ширийн програм байж болох л юм, үүнийг бид хийж чадна, гэхдээ хятадууд ч хийж чадна биднээс илүү ч чадаж мэднэ. Дэлхийн математикийн уралдаанд хятад хүүхдүүд түрүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр уралдаад ашиг олох найдвар бага байна.

Япон орон, тэдний соёл, зан заншил гэдэг бол үнэхээр ойлгоход хэцүү өөр ертөнц юм. Ийм ч учраас эдний зах зээлд нэвтэрч ороход хүнд байдаг. Системийн хөгжүүлэлтийн хүрээнд японы бизнесийн соёл, хүмүүсийг ойлгохгүйгээр дээд түвшний үйл ажиллагаанд оролцоход хэцүү учраас одоог хүртэл хятад, энэтхэгчүүд эдний зах зээлд хүчтэй орж ирж дийлэхгүй л байна. Харин бид, монголчуудын хувьд бол арай л ойр байх шиг санагдсан учраас энэ бичлэгийг бичиж байгаа нь энэ. Миний хэлэх санаа бол энд бид системийн хөгжүүлэлтийг дээд түвшний шатуудаас нь хийх юм. Мэдээж үүний тулд хугацаа хэрэгтэй, тэвчээр хэрэгтэй, мэдлэг чадвар хэрэгтэй.

Одоо японы програм хангамжын компаниуд дэлхий нийтийн чиг хандлагад хэрхэн хөл нийлүүлж байгаа тухай өөрийн ажигласан зүйлийг ярья. Гэхдээ би бээр яг дэлхий нийт хаашаа чиглээд яаж явж байгааг мэдэхгүй л байна. Ямар ч байсан сүүлийн үед япончууд ажлыг хүний хүчээр хийх гэдэг арга барилаа өөрчилж эхэлж байгаа юм шиг. Автомат багаж хэрэгслийг хөдөлмөр хөнгөвчлөх үүднээс хэрэглэхээр хичээдэг болж. Мөн маш их дүрэм журам боловсруулж цаас үйлдвэлэдэгээсээ татгалзаж эхэлж байгаа нь харагдаж байгаа. Дотоод харилцаа холбоо, ажлын урсгалыг дүрэм журамыг ягштал мөрдүүлэх замаар шийдэж байсан бол одоо, харилцаа холбоо болон хөгжүүлэлтийг төрөл бүрийн багаж хэрэгслүүд дээр суурилсан дэд бүтэц дээр тулгуурлан хийдэг болжээ. Тухайлбал арван жилийн өмнө системийн хөгжүүлэлтийг хийхэд мөрддөг байсан дүрэм журам бүтэн нэг хавтас зузаан бичиг цаас байхад өнөөдөр гурав дахин нимгэн бөгөөд илүү чанартай болчихсон байх юм.

Бид эдний түвшинд очиж хөгжүүлэлтийн ажлыг кодын түвшнээс дээгүүр сэтгэхийн тулд эд нартай нэг түвшинд байх хэрэгтэй. Үүний тулд эдний туулсан замыг дахин туулах бус өмнөөс нь угтаад явбал болмоор санагддаг. Жишээ нь бид төрөл бүрийн дүрэм журам баримт материал үйлдвэрлэлтээ багасгаад бүтээмж, чадавхийг дээшлүүлэхэд шууд чиглэж ажиллавал амжилтад хүрж чадна. Ингээд бодохлоор эднийг гүйцэхэд ойрхон мэт боловч, энэ хүмүүс бүгдээр хэцүү зам, ядаргаатай үе шатуудыг туулж байж өнөөгийн түвшинд хүрсэнийг бодохоор хол ч юм шиг. Хүмүүсийн сэтгэхүй, бодол эрмэлзлийг зөв суурилуулж төлөвшүүлэх нь л чухал бололтой. Програм хангамжийн үйлдвэрлэлийн соёл, дэд бүтэц, харилцаа холбоог хэвшүүлэх л бидний гол үүрэг байна. Ингэж зөв ойлголцол, үр ашигтай үйл ажиллагааны дэд бүтцийг бий болгож чадвал бид хэнтэй ч өрсөлдөхөд айх зүйл үгүй. Үүгээр л бид өрсөлдөх байх гэж төсөөлнөм. Үзээд л байя.

Мэргэн уншигч та санал бодлоо үлдээвээс туйлаас баярлах болно. Бидний зорилго нэгэн үзүүрт уулзах болтугай.