Мэргэжил нэгт нөхөддөө

Мэргэжил нэгт нөхөд минь мэдсэн сонссоноо бусаддаа түгээж байцгаая. Миний л мэдэхийн өчнөөн сайхан мэдлэг чадвартай нөхөд маань мэддэг чаддагаа өөртөө хадгалаад байх шиг. Одоо цагт чинь өнөөдөр мэдэж байгаа юм маргааш хуучирдаг болчихоод байгааг хүн бүр мэдэрч байгаа биз ээ. Бидний цөөхөн монголчууд, тэр дундаа цөөхөн монголчууд дундаа цөөхөн байгаа мэдээллийн технологийнхон маань мэддэг чаддагаасаа бусадтайгаа хуваалцаж байж л дэлхийн түвшинд өрсөлдөх мэт. Ганц биедээ мянган төрлийн эрдэм хурааснаас олуулаа зуун төрлийн мэдлэг эзэмшихийг илүүд үздэг билээ. Энэ л сэтгэлээр нэгдэж чадваас түмэн мэдлэгийг бултаараа эзэмшиж нэгэн бие, нэгэн багийн чадахаас илүү ихийг харж бүтээж чадах болов уу гэж сэтгэнэм. Мэргэжил нэгт нөхөд минь нэгдэцгээе. Өөрсөддөө байгаа хүчийг нийлүүлцгээе, шинэ орон зай, шинэ эрч хүч урам зоригоор бие биенээ цэнэглэцгээе. Нэгдэж чадсан нь, ойлголцож чадсан нь түрүүлдэг цаг нэгэнт иржээ. Эрдэм мэдлэг дэлгэрэх болтугай.