Гал команд дуудах уу?
Төслийн явцад ямар нэг ноцтой асуудал үүсч хэвийн байдлаар төслийг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл үүсэхийг төсөл дээр гал гарлаа гэж хэлэх тохиолдол байдаг. Ийм тохиолдолд яах вэ? Яаж галыг унтраах вэ? Гал команд дуудах уу?
Төслийн зарим ажил хугацаандаа амжихаа больж бусад ажлаа арагш чангааж эхлэхэд ихэнхдээ гал команд дууддаг байлаа. Гал команд дуудна гэдэг нь шинэ хүн хүч хуваарилж олны хүчээр унтраах гэсэн арга юм. Гэтэл энэ арга ихэнх тохиолдолд үр дүн багатай байдаг. Учир нь шинэ хүмүүс орж ирэнгүүтээ шууд галыг унтраагаад эхэлдэггүй. Гал яг хаана байгааг утаан дундаас олж харах , дараа нь яаж унтраах аргаа олтол зай бий. Тэдгээр хүмүүсийг ажиллаж эхлүүлэхийн тулд яг галын шугам дээр ана мана үзэж байсан нэг хүнийг хэсэг хугацаанд арагш татаж шинэковуудад байдлыг ойлгуулах, юу хийхийг зааж өгөх даалгаварыг өгдөг. Энэ хугацаанд гал дүрэлзсээр байх бөгөөд нөгөө шинэковуудыг ажиллаж эхлэх хүртэл нилээд хугацаа өнгөрч байдал хэцүүдсээр л байх болно. Эндээс миний онцлох үг бол: Хэрэв галын шугам дээр нэмэлт хүч хэрэгтэй бол шууд очоод унтраалцаад эхлэж чадахуйц туршлагатай хүнийг хуваарилах нь зүйтэй. Тэгж чадахааргүй хүн очвол ажлыг улам арагш чангаах нь элбэг.
Бас нэг сонголт нь хүн хүч нэмж оруулалгүйгээр арга барил болон багаж хэрэгслээ солих юм. Зөв зохицуулалт хийж чадвал ингэх нь хамгийн үр дүнтэй. Тохирсон техник технологи, арга барил сонгож хэрэглэх нь галыг унтаах үндэс суурь болдог. Мөн хэрэглэхэд дөхөмтэй, хөдөлмөр хэмнэсэн багаж хэрэгсэл чухал. Багахан орон зайд хүчтэй дүрэлзэж байгаа галыг арга техник, багаж хэрэгслийн хүчээр л дарахаас биш олон хүн байгаад нэмэргүй юм. Харин өргөн фронтоор асч байвал аргагүй шинэ хүн хүч шаардлагатай болох нь гарцаагүй.