Асуудал тулгарвал

For every realistic complicated problem there will be a simple, understandable inexpensive solution that will be wrong.
(Ямар ч хэцүү бодит асуудлын хувьд энгийн, ойлгомжтой, хямд боловч буруу шийдэл байж л байдаг.)
—H.L.Mencken

Шийдэх хэрэгтэй байгаа нөхцөл байдлыг асуудал гэж ерөнхий байдлаар тодорхойлж болно. Асуудлын шийдэх ерөнхий тойм арга техникүүд байдаг ч, хүмүүсийн харилцаанд үүссэн асуудал уу, улс орны хэмжээний асуудал уу, машин техниктэй холбоотой асуудал юмуу гэдгээсээ хамаараад шийдэх арга техник өөр өөрийн онцлогтай байх нь ойлгомжтой. Хүн хүнд өөр өөрийн арга барил байх нь ч мэдээж. Энд харин мэдээллийн системийг хөгжүүлэх үед тулгарах асуудлыг хэрхэн шийдэх талаар ярья.

Эхлээд асуудлаа тодорхойлох нь зайлшгүй. Асуудлаа зөв, тодорхой олж тогтооно гэдэг чухал бөгөөд цаашдийн ажлийн суурь болох ёстой. Дараах асуултыг өөрөөсөө болон бусдаас асуух хэрэгтэй.

Юу болохгүй байна?

Юу гэдэг үгний ард олон зүйл нуугдаж байдаг. Энд дараах зүйлүүдийг ойлгох шаардлагатай:

  • Болохгүй байгаа зүйлийг ямар болгох гээд байгаа билээ гэдгээ тодорхойлно. Асуудал шийдэгдсэний дараа систем ямар болох вэ гэдгээ мэдэхгүй бол юу ч хийгээд нэмэргүй бөгөөд өнөө асуудал байсаар л байх болно. Мөн асуудал арилсан гэдгийг яаж мэдэх вэ гэдгээ ч төсөөлөх ёстой.
  • Асуудалтай зүйлын талаар аль болох тодорхой бөгөөд дэлгэрэнгүй шинжилгээ хийх. Заримдаа нарийн шинжилж үзэх явцад асуудал шал өөр зүйлд байгаа болохыг олж тогтоох нь элбэг. Мөшгих мөрийг тодруулж өгөхөөс гадна буруу мөрөөр явахаас сэргийлдэг гэсэн үг.
  • Өөр өөр зүйлс нэг юм шиг харагдаж байвал салгаж авч үзэх. Олон асуудлыг нэгэн зэрэг шийдэх нь төвөгтэй тул асуудлыг тус тусд нь шийдэж болохуйц жижиг хэсгүүдэд хуваахыг хичээдэг.
  • Болохгүй байгаа зүйлсийг олж тогтоохын зэрэгцээ, тухайн асуудалтай хэсгийг өөрчлөх үед хөндөгдөж болох хэсгүүдийг анхаарах. Үүнийг анхаараагүйгээс нэг асуудлыг шийдмэгц эсрэг үр дүн өгч, шинэ төсөөлөөгдөөгүй байсан асуудал үүсэх тохиолдол гардаг.

Асуудлыг тодорхойлоход хэдэн өдөр зарцуулагдах тохиолдол ч байдаг. Гэтэл ингэж их цаг зарцуулсан асуудлыг хэдхэн минутад шийдэх нь ч бий. Иймд юу юугүй кодоо засах гээд зүтгэхээсээ өмнө асуудал чухам юунд байгааг баттай мэдэж авах чухал.

Ингээд асуудлаа хангалттай тодорхойлсон гэж үзвэл дараагийн алхамаа хийнэ. Эхэнд асуудал гэдгийн тодорхойлолтод ‘шийдэх’ гэдэг үг орсон байгаа. Иймд шийдлийг олох хэрэгтэй. Одоо дараах асуулт тавигдана:

Яаж болгох вэ?

Ямар нэг шийдэл, шийдвэр нь өгөгдсөн нөхцөл байдал, үүнтэй холбоотой өмнөх туршлага, мөн тухайн сэдвийн хүрээн дэх мэдлэг дээр суурилдаг. Мэдлэг болон туршлага дээрээ тулгуурлаад тухайн нөхцөлд хэрэгжиж чадахаар шийдлийг зохионо. Аль болох олон шийдлийг олоод тэдгээрийн дотроос хамгийн боломжын хувилбарыг сонгож хэрэгжүүлнэ. Сонголт хийхэд дараах хүчин зүйлс нөлөөлдөг:

  • хэрэгжүүлэхэд хялбар дөхөм
  • системийн бусад хэсгүүдийг хөндөхөөргүй
  • шалгаж болохуйц

Шийдлүүд хангалтгүй юмуу, ерөөс шийдэл олдохгүй бол яах вэ? Энэ нь ихэвчлэн тухайн сэдвийн хүрээнд туршлага болон мэдлэг хангалтгүйгээс болдог.

Мэдээлэл яаж олж авах вэ?

Өөрт байгаа ном, сурах бичиг, болон Интернэтийг оролцуулаад бусад электрон эх сурвалжуудыг ашиглаж болно. Маш их мэдээлэл дундаас хэрэглэхэд дөхөм, үнэн зөв мэдээллийг сонгож судлахад мэдээлэл хайх, хайсан мэдээлэл дундаас өөрт хэрэгтэйг сонгох чадвар шаардагдана. Тухайлбал хайлт хийх түлхүүр үгээ оновчтой сонгох, олон өөр эх үүсвэрүүдээс хурдан хугацаанд хэрэгтэйг сонгож судлах гэх мэт. Ер нь хангалттай шийдэл олдсон байсан ч түүнээс оновчтой шийдэл байж болох тул хайгаад үзэхэд илүүдэхгүй юм.

Хэрэгжүүлэх гэдэг бол тодорхой болчихсон үйлдлийг л хийнэ гэсэн үг. Гэхдээ зарим нэг анхаарах зүйл бий. Тухайлбал шийдлийг нэг хүн хийчихээд өөр хүн түүнийг хэрэгжүүлэх үед зөрөө үүсдэг тохиолдол их. Иймд шийдлийг маш тодорхой томьёолж өгөөгүй бол шийдэл гаргасан хүн өөрөө хэрэгжүүлэх нь дээр байдаг.

Эцсийн алхам бол асуудал шийдэгдсэн эсэхийг үнэмших юм. Зөвхөн тухайн асуудал шийдэгдсэнийг үнэмшээд орхиж бас болохгүй. Системд оруулсан өөрчлөлт маань өөр шинэ асуудлыг үүсгээгүй гэдгийг үнэмшиж байж сэтгэл амрах хэрэгтэй.

Хэрэв шийдэл маань шинэ асуудлыг үүсгэсэн, эсвэл асуудал шийдэгдээгүй хэвээрээ байх юм бол хэрэгжүүлэх үедээ алдаа гаргасан, эсвэл шийдэл буруу байсан гэсэн үг(хамгийн эхэнд иш татсан үгийг сана). Шалгах хэрэгтэй болно. Хэрвээ шийдэл буруу байгаа нь тогтоогдвол сая үзсэн туршлага дээрээ тулгуурлаад ахиад өөр шийдэл хайна даа. Тэгээд бүр болохгүй бол бусдаас асуух, зөвлөгөө авах хэрэгтэй.

Заримдаа үнэхээр хэцүү үе гардаг ч тэвчээр гаргаж чадвал шийдэгдэхгүй асуудал гэж үгүй билээ. Тэгээд ард нь гарсаны дараа бол үнэхээр кайфтай даа.