Төлөвлөгөөг төлөвлөхүй
Прогам хангамж хийх төслийн төлөвлөгөөний талаар гэсэн юм. Төслийн удирдлага гэхээр эрсдлийг зохицуулах, нөөцийн ашиглалт гээд маш олон зүйл байдаг бөгөөд нэг бичлэгт багтахгүй юм. Төслийн бүх ажил төлөвлөгөөнөөс эхлэж бусад ажил түүний араас ундардаг учраас энд төлөвлөгөөний талаар хүүрнэе. Ерөнхий онол зэргийн талаар их юм уншаагүй тул алдаж эндсэн зүйл байх аваас уншигч авхай залруулна бизээ.
Хэзээ ч билээ дээ, төслийн төлөвлөгөө гэдэг юу ч биш төлөвлөнө гэдэг их зүйл гэсэн утгатай өгүүлбэрийг уншиж байсан юм. Хэн хэлсэн байсныг нь мартаж орхиж, гэхдээ энэ хэлсэн үг нь төсөл эхлэх бүр орой руу орж ирдэг бөгөөд төслийн дундуур яс махандаа шингэтэл ойлгодог гэхэд болох байх. Юуны өмнө төслийн төлөвлөгөө гэдэг өдөр бүр шинэчлэгдэж байдаг зүйл юм гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй. Хэт жижиг төсөл л биш бол анхны гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу явсаар байгаад дуусдаг ажил гэж амьдрал дээр бараг үгүй юм. Төслийн төлөвлөгөө гэж төслийг хийхэд шаардлагатай бүх ажлуудын жагсаалтыг ажил бүрийн хэзээ эхлэж хэзээ дуусах хугацаатай нь хамт агуулсан баримтыг хэлнэ. Төслийн төлөвлөгөөн дотор төслийг төлөвлөх гэсэн мөр байх ба энэ ажлын хугацаа нь нөхцөл байдлаас шалтгаалж янз бүр байна. Том төслийн хувьд энэ ажил 1 сараас 1 жилийг авах нь ч байдаг гэнэ. Тэгэхээр төслийн төлөвлөгөө гарч бүх ажил эхлэхээс өмнө үнэн хэрэгтээ төслийг төлөвлөх гэдэг ажил хийгддэг гэж ойлгогдож байна. Гэхдээ байзаарай, нэг юм буруу болоод явчихлаа. Заавал төслийн төлөвлөгөөг дуусгаж байж бусад ажил эхлэх ёстой гэж ойлгож болохгүй шүү! Энд гол зангилаа нь байна. Төлөвлөгөөгөө одоо мэдэгдэж байгаа нөхцөл байдал болон мэдээлэл дээрээ тулгуурлаад л хийх хэрэгтэй. Өнөөдөр төлөвлөсөн ажил маань өөрөө маргааш гарч ирэх өөрчлөлтийн эх үүсвэр болж болох тул төслийн эхэнд бүрэн төгс төлөвлөгөө гаргана гэдэг боломжгүй(төгс төлөвлөгөө гэж ямар ч өөрчлөлт хийлгүйгээр хэрэгжих төлөвлөгөөг хэлж байна). Төслийн дундуур ч төлөвлөгөөнд өөрчлөлт орсоор л байдаг тул хэрэгжээд дууссан төслийн төлөвлөгөө л төгс байх болов уу.
Иймийн учир анхнаасаа төгс төлөвлөхийг оролдох нь цаг авахаас цаашгүй хэрэг бөгөөд хамгийн гол нь нөхцөл байдал өөрчлөгдөх бүр төлөвлөгөөндөө зохих өөрчлөлтийг хийж, гол нь ирээдүйд гарч болох өөрчлөлтөд бэлтгэлтэй байх нь чухал юм. Үүнийг л төлөвлөгөөг төлөвлөхүй гэх гэсэн юм.