Нээлттэй эхийн бүтээгдэхүүн төрийн байгууллагуудад

Open source softwares

Саяхан сар орчмын өмнө шиг санагдаж байна Гүрж улс төрийн байгууллагууддаа нээлттэй эхийн прогам хангамжуудыг хэрэглэхээр болж байгаа гэсэн мэдээ гарсан байв. Учир нь гэвэл Micro$oft компани Windows XP үйлдлийн системээ гүрж хэл дээр гаргах асуудлыг хойшлуулсан эсвэл татгалзсанаас болсон бололтой. Иймээс гүрж улс нээлттэй үйлдлийн системийг сонгожээ. Мэдээж үйлдлийн систем нь нээллтэй эхийнх юм чинь ашиглах програм хангамжууд нь ч тийм байх болно. Support үзүүлэхгүй байгаа Micro$oft -той зууралдсанаас нээлттэй эхийг сонгосон нь дээр шүү дээ. Бас дээрээс нь маш их мөнгө хэмнэнэ гэж байгаа. Би лав дэмжиж байна, зөв.

Гэтэл өнөөдөр испанийн хамгийн ядуу муж Extremadura бас нээлттэй эхийг сонгосон байна. Эхний ээлжинд бүх сургуулиудынхаа компьютерүүдэд Debian суулгахаар болжээ. Micro$oft -ийн програм хангамжуудыг суулгах зардалаас 18 сая еврогоор бага буюу бараг зуу дахин хэмнэлттэй болж байгаа гэнэ. Бүх баримт бичгийг ODF(Open Document Format) болон PDF(Portable Document Format) форматуудаар явуулах шийдвэр гарч байгаа тул эдгээр форматыг дэмждэг OpenOffice гэх мэт програм хангамжуудыг ашиглах боломжтой болж байгаа юм.

Дээрх бол ердөө 2-хон жишээ боловч цаана нь өчнөөн олон байгууллагууд нээлттэй эхийг хэрэглэхээр шулуудаж байгаа. Сүүлийн үед ер нь нээлттэй эхийн түгэлт, хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж ач холбогдол давуу талыг олон нийтээр мэдэрч эхлэж байгаа гэж болно. Нээлттэй эхийн програм хангамжыг ихэвчлэн мөнгө санхүүгийн гачаалд байдаг ашгийн бус байгууллагууд, ядуу орнууд сонгож байгаа боловч ирээдүйд ашиг тусаа хаалттай эхийн үнэ төлбөртэй програм хангамаас илүү ихээр өгөх хандлагатай байгаа.

Үнэ төлбөртэй програм хангамжыг сонгох болдог гол шалтгаан нь алдаагүй, найдвартай ажилладаг, алдаа гарлаа гэхэд хариуцах эзэнтэй, худалдаж авсан газраасаа тусламж дэмжлэг авдаг гэдэг нь л юм. Гэтэл сүүлийн үед энэ үзэл хуучирч байна. Үнэтэй програм хангамжуудыг чанар, найдвартай байдал, нийцтэй шинжээрээ хол хаясан нээлттэй эхийн програм хангамжууд олноор хийгдэх болжээ. Нээлттэй програм хангамжууд болон үйлдлийн системүүд дээр ямар нэг алдаа илэрхэд тэр даруйд л дэлхийн өнцөг булан бүрээс хүчээ нэгтгэсэн хөгжүүлэгчид засварлаж эхэлдэг. Гэтэл үнэтэй програм хангамжууд дээр бол тэгж чаддаггүй. Ямар нэг алдаа байлаа гэхэд дараагийн хувилбар эсвэл patch ийг хүлээх болно. Гүржийг хар л даа, эх хэл дээрээ үйлдлийн систем хэрэглэх гэсэн хүлээлт нь цөхрөлөөр дуусаад нээлттэй эхийг сонгосон байна шүү дээ. Бид монгол хэл дээрээ Windows XP юмуу MS Office хэрэглэнэ гэвэл хол болов уу? Тэд монгол хэл дээр хийлээ ч гэсэн ашиг гарахгүй. Монголын зах зээл бага, бас дээрээс нь програмыг хуулж авч сурсанаас худалдаж авч чадахгүй. Би л лав 6 жил компьютер ашиглахдаа нэг ч програм худалдаж авч үзээгүй, тэр байтугай оригинал CD гэдэг юмыг олж харж ч байгаагүй байх. Монголчууд тэр аяаараа, төрийн байгууллагууд нь хүртэл хуулбарласан хууль бус програм хэрэглэж байна гэхэд хилсдэхгүй болов уу.

Ингээд эцэст нь дүгнэхэд дээрх улсуудын жишээ шиг төрөөс бодлого чиглэл гаргаад нээлттэй эхийн програм хангамжуудыг улс даяараа хэрэглэж эхлэх нь зүйтэй гэж боддог. Microsoft-ийнхон монгол Windows гаргах талаар авч үзээ ч үгүй байхад хэсэг хүмүүс санаа нийлээд Монгол үйлдлийн систем хийх оролдлого хийчихсэн, зарим линукс төрлийн үйлдлийн систем хагас хугас монгол болчихсон байж л байна. OpenOffice-ийг монгол болгох ажил эхэлчихсэн явж байна. Төрөөс дэмжээд өгөх л хэрэгтэй байна даа. Зөвхөн дэмжээд хөндлөнгөөс туслах биш бодлого шийдвэр болгоод хөшүүрэгдээд өгвөл ч болно л доо.

Удахгүй монгол үйлдлийн систем дээр монгол хэлтэй програм хэрэглэж суух цаг ирэх болтугай гэж ерөөгөөд энэ бичлэгээ өндөрлөе.

Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтамуу би!
—Бямбын Ринчен, Монгол хэл