C хэлийг заавал сурах шаардлагатай юу?
C Programming Language
Би гэдэг хүн өөрийгөө програм зохиогч гэж боддог мөртлөө C хэлийг суралгүйгээр одоог хүртэл явсан байна. Зарим хүн сонсвол инээх байх, зарим нь харин яагаад болохгүй гэж гэх биз ээ.
Энэ асуудлыг хоёр талаас нь авч үзье;
- хөгжүүлэгч хүн C хэл мэддэг байх шаардлагатай,
- хөгжүүлэгч хүн C хэлийг заавал сурах албагүй.
Хөгжүүлэгч C хэлийг заавал мэддэг байх ёстой.
Энэ байр суурийг ихэнх хүн дэмжих байх. С хэл бол програмчин хүнийг компьютерээ илүү ойр дотно ойлгож түүгээр ажлыг үр бүтээмжтэй хурдан хийлгэхэд сургадаг гэж боддог. Нэг үгээр хэлэхэд компьютер талаас нь харж програмаа хийнэ гэсэн үг. Ер нь C хэл одоог болтол хамгийн түгээмэл програмчлалын хэл хэвээрээ байна. С хэл дээр Юникс болон бусад үйлдлийн системүүдээс авахуулаад тэдгээр дээр ажиллах үндсэн програмуудыг ч хийжээ. Нийт нээлтэй эх бүхий програм хангамжуудын дунд хийсэн судалгаанаас харахад С хэл дээр хамгийн олон төсөл хийгдсэн байна. С хэлийг ассемблэр болон С хэл дээр бүтээсэн бөгөөд бусад маш олон програмчлалын хэлүүд(Java, C++ гэх мэт) С хэл дээр хийгдсэн байдаг. Үүнээс харахад С хэлийг сурахгүй байхын аргагүй байна. Одоо нөгөө өнцгөөс нь харья.
Хөгжүүлэгч C хэлийг заавал сурах албагүй.
Ерөнхийдөө С хэл дээр томоохон хэмжээний програм хангамжыг хөгжүүлэхэд бусад обьект хандалтад хэлүүдтэй харьцуулахад их хүчин чармайлт, цаг зав авдаг. Ойр зуурын хэрэглээний багц сангууд хомсдолтой учраас бүх юмаа өөрөө хийнэ гэсэн үг. С хэл дээр програмистууд ойролцоогоор 60-80 мөр код тутамд нэг алдаа хийж байдаг гэсэн тоо ч байдаг. Иймд ер нь С хэлийг сурч өөрийгөө зовоох шаардлага байна уу…
Байна аа, сүүлийн үед мэдээллийн технологи өндөр хөгжсөн гээд байгаа Америк Япон зэрэг орнуудад үнэхээр сайн мэдлэгэтэй програм хангамжын инженерүүд ховор болсон ажээ. Учир нь оюутан сурагчид биеээ зовоолгүйгээр дээд түвшний хэл үзэж курс дипломын ажлуудаа хялбар хийдэг болсноор сургууль төгсөөд мөн л биеээ зовоолгүй ажил хийх дуртай болжээ. Үүний сөрөг нөлөө нь төгсөгчид маань сургуульд гол сурах ёстой зүйл болох доод түвшинд сэтгэж програм бичих чадварыг эзэмшихгүй төгсөөд ажил дээр очихоороо наагуурхан зүйл хийх хэмжээнд л очиж байна. Гол хортой нөлөө нь зарим нь хэзээ ч хүнд хэцүү, нарийн зүйлсийг оролдох сонирхолгүй болдогт байна.
Дүгнэж хэлвэл ажлын шаардлага гараагүй үед С хэлийг заавал сурах гээд, эсвэл өөр амар хялбар хийж болох зүйлийг заавал С хэл дээр хийх гээд байх шаардлагагүй ч,(ингэх нь хөдөлмөр , цаг хугацаагаа үрсэн хэрэг болно) боломж нөхцөл гармагц гайгүй сайн эзэмшээд авахад илүүдэхгүй зэвсэг юм. Оюутан байхдаа л сайн оролдох хэрэгтэй, эс бөгөөс ажил дээр гараад сонирхсон зүйлээ судлаж хэрэгжүүлэх цаг ховор олдоно шүү. Ер нь дээд түвшиний хэл дээр програм бичдэг ч бай, доод түвшиндээ хэрхэн үйл явц өрнөдөгийг мэдэж байвал илүү сайн туурвил хийнэ гэж сэтгэнэм. С хэл сурцгаая, доод түвшинд сэтгэж дээд түвшинд програмчилцгаая хөгжүүлэгчидээ!