Дасан зохицохуй

Програм хангамжын хөгжүүлэгч хүнд дасан зохицох чадвар гэдэг чухал бололтой. Өнөөгийн хурдтай хөгжиж байгаа мэдээллийн технологийн салбарт тогтож үлдэхийн тулд шинэ програм хангамж арга хэрэгсэлээр байнга сэлбэгдэж байх нь өөрчлөлт биш хэвийн л байдал гэлтэй.

Ялангуяа гадаад аутсоорс хийх үед энэ чанар бүр ч их шаардагддаг юм байна. Захиалагчийг хаанд өргөмжилж тэдний шаардсан хүссэнийг дээд зэргээр хийж өгөхийн тулд өөрсдийн ажлын дотоод арга барил болон хийж заншсан баримт бичгүүдээ ч өөр өөр арга барил, өөр өөр хэлбэр загвараар хийх шаардлагатай болдог.

Иймд програм хангамжын хөгжүүлэлтээр аутсоорс хийдэг баг хөгжүүлэлтийн процессынхоо түвшин бүрт өөрчлөлтийг хурдан хугацаанд хийж дасан зохицож чаддаг байх нь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нэг гол хүчин зүйл юм.

—Нүүдэл хийж нутаг сэлгэх мэт хөгжүүлэлтийн орчноо солих

Нутаг сэлгэнэ гэдэг нь монголчуудын амьдралд хэвийн үзэгдэл байсан бөгөөд аль үржил шимтэй, аж ахуйдаа таарч тохирсон нутаг руу нүүдэллэж амьдардаг байжээ. Өвөл болоход дулаан нөмөртэй нутаг руу, хавар болоход хаваржаа руугаа, зун болоход сэрүүн газар өөд, намар болоход өвсний шимтэй нутаг руу нүүдэг. Хөгжүүлэлтийн орчин гэдэг бол ерөнхийдөө орчинг бүрдүүлж байгаа багаж хэрэгслүүд болон тэдгээрийг хэрэглэх нэгдсэн загвар, ойлголт, дүрэм журмаас бүрддэг. Тухайн орчин хоцрогдсон, шаардлага хангахаа больсон, тухайлсан захиалгын шаардлагад тохирохгүй байгаа эсвэл түүнээс илүү хэрэгсэлүүд байгаа тохиолдолд орчныг тэр чигээр нь эсвэл аль нэг хэсгийг солих шаардлага гардаг. Ингэж сольж шинэчилж байх нь жирийн л үзэгдэл бөгөөд хөгжүүлэлтийн багийнхан үүнийг нутаг сэлгэх мэт дадмагхан хийдэг байх ёстой. Энд нэг далд санаа байгааг тодруулахад нэг орчноо сольсноо дараа яг тийм орчинд хөгжүүлэлт хийх шаардлага гарвал тэр орчиндоо ахин орж болох юм. Нөмөр нөөлөгтэй өвөлжөөндөө ахин дахин ирж өвөлжихийн л адил юм даа.

—Гутлаа солих мэт компьютерийн орчноо солих

Тухайн нэг хөгжүүлэгчийн ажлын компьютер болоод дээр нь суулгасан байгаа програм хангамжуудыг компьютерийн орчин гэж ойлгож байна. Компьютер болон түүн дээрх програм хангамжуудыг солих тэр бүү хэл үйлдлийн системээ ч солих шаардлага гарч болно. Жишээ нь илүү хүчин чадал сайтай компьютер хэрэглэх болоход үйлдлийн систем суулгахаас авахуулаад дээр нь байгаа програм хангамжуудыг суулгаж тохируулах, хэрэгтэй файлуудаа зөөх гээд өч төчнөөн ажил ундарч бүтэн нэг өдрийн ажил орох тохиолдол байдаг. Ийм шилжилтийг ядаж хагас өдөрт хийдэг байх хэрэгтэй. Хэрэв анхнаасаа хэрэгтэй зүйлсээ зохион байгуулалт сайтай төлөвлөлттэй байрлуулсан байсан бол файлуудаа зөөх ажил маш их хөнгөвчлөгдөнө. Үүнээс гадна хэт олон програм хэрэглэхээс татгалзах нь зүйтэй гэж боддог. Мэдээж олон төрлийн програм ашиглаад хөдөлмөр хөнгөвчлөгдөх боловч түүнийг ашиглаж сурах, тохируулахаас эхлээд дискэн дээр зай эзлэх гэх мэт сөрөг талууд бий. Иймд байнга ашиглахааргүй л бол хэт олон програм ашиглах, суулгахаас татгалзах нь зүйтэй. Эцэст нь нэмж хэлэхэд нээлттэй эхийн програм хангамж ашиглахыг эрмэлзээрэй. Юникс бүлийн маш олон нээлттэй үйлдлийн системүүд байдаг бөгөөд тэдгээрт зориулагдсан нээлттэй програм хангамжууд үй түмэн сонголттой байдаг. Шинэ гутал өмсөхөд эхлээд жаахан эвгүй байж болох ч хөлд эвтэйхэн хөнгөн бол юутай сайхан билээ?

—Цамцаа солих мэт програмчлалын хэлийг солих

Хөгжүүлэгч хүнд дуртай програмчлалын хэл гэж байдаг. Тэр хэл дээрээ нилээд мэргэшсэн байх ба аливаа ажлыг дуртай хэл дээрээ илүү хурдан, сайн хийдэг. Гэхдээ бодит амьдрал дээр хүн бүрт дуртай хэл дээрээ туурвил хийгээд байх боломж тэр бүр байдаггүй. Захиалагчийн хүсэлтэд захирагдахаас өөр аргагүй тохиолдлууд элбэг. Бас захиалагчийн хүсэлтээс ч хүчтэй шаардлага болох тухайн нөхцөл байдалд хэрэглэхэд зохимжтой, оновчтой байх технологи, програмчлалын хэл гэж бас байна. Ер нь ихэвчлэн захиалагчийн хүсэлт энэ шаардлагаас үүдсэн байдаг тул хүндлэхээс ч аргагүй юм. Иймд хөгжүүлэгч хүн програмчлалын хэлийг цамцаа сольж байгаа юм шиг хялбарханаар сольж эзэмшиж чаддаг байх хэрэгтэй. Халуун хүйтэн, ажил албаны гэх мэтээр нөхцөл байдалд тохируулж цамцаа сольж өмсөх нь зүйн хэрэг шүү дээ.

—Үзгээ солих мэт багаж хэрэгсэлүүдээ солих

Энэ тохиолдолд багаж хэрэгсэл гэж тухайн хөгжүүлэгч ганцаараа хэрэглэдэг програм хангамжууд буюу хөгжүүлэгчийн компьютер дээр байгаа програмуудыг хэлж байна. Багаж хэрэгслүүдийг солих нь юунд хэрэгтэй юм бэ? Хөгжүүлэгч өөрөө л хэрэглэхээс хойш солиод байх ямар шаардлага байна? - Үүнд хэд хэдэн шалтгаан байна. Илүү сайн, цаг хөдөлмөр хэмнэсэн багаж хэрэгсэл бий болох, Хуучин багаж шаардлага хангахаа болих эсвэл тохирохоо болих, Захиалагч өөр багаж хэрэгсэл хэрэглэхийг шаардах гэх мэт. Сүүлийнх нилээд хачин санагдаж болох юм гэхдээ л манай нэг захиалагч заавал MS Office 2000 хэрэглэхийг шаардаж байсан юм даа. Иймд хөгжүүлэгч хүн хэзээ ч багаж хэрэгсэлээ сольж чаддаг байх ёстой. Дасаж дадсан багаж хэрэгсэл дээрээ хүн бүтээмж сайтай ажиллах нь мэдээж л дээ, гэхдээ л шинэ сайн багаж байсаар байтал хуучинтайгаа зууралдаад байна гэвэл хоцрогдохын л шинж. Шинэ үзгээр бичихэд эхлээд гар чилж болох ч тод сайхан гардаг билээ.

—Оймсоо солих мэт код бичих хэлбэр загвараа солих

Хүн оймсоо бараг өдөр болгон сольдог шиг хөгжүүлэгч хүн код бичих хэлбэр загвараа төсөл, захиалга болгон дээр хялбарханаар сольж чаддаг байх хэрэгтэй. Тайлбарыг ингэж бичнэ, угалзан хаалтыг энд нь бичнэ гэх зэрэг захиалагч талын стандартад нийцүүлж чаддаг баймааж өрсөлдөх чадвартай мэргэжлийн баг гэдгээ харуулна. Оюутан байхдаа сурсан нэг л хэлбэр загвараасаа салж чаддаггүй хүн бол оймсоо солилгүй сар явж байгаатай адил буюу.

—Сэтгэхүй буюу солигдохгүй зүйл

Солигдохгүй байх нэг зүйл нь дасан зохицох чадвар буюу байнга шинэчлэгдэж өөрчлөгдөж байх шаардлагуудыг хүлээж авах сэтгэлгээ, мөн шинэ орчинд хурдан нутагшиж, шинэ багаж хэрэгслүүдийг нутагшуулж чадах эрдэм билэг бүлгээ.