Цаг хугацаа урсан өнгөрөх бус бид урсан өнгөрдөг
Time management
"Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд хэрэггүй"
Энэ блог нэгэнт миний хийж буй ажилтай холбогдсон учраас ажил төрөлд нөлөөлөх нэг хүчин зүйл болох цаг зарцуулалт хуваарьлалтын талаар нэгэн бодлоо бичихээр шийдлээ .
Цаг хугацаа урсан өнгөрөхөд… гэж ярьдаг боловч үнэндээ бид өөрсдөө урсан өнгөрч байгаа юм байна гэдэгийг саяхнаас л ойлгож байна. Энэ үгийг нэгэн ухаант хүн аль эрт хэлсэнийг андаасаа сонсож байсан юм.
Цаг хугацаа гэдэг хүн төрөлхтнийг бий болохоос өмнө ч байсаар байсан, биднийг оршин байхгүй болсон ч байсаар л байх болно. Цаг хугацааны туршид бид л өөрсдөө урсан өнгөрөөд байна шүү дээ.
Иймээс зорилготой, төлөвлөгөөтэй, хуваарьтай, дэглэмтэй урсан өнгөрөхгүй бол хожимдсон хойно засаж залруулна гэдэг нь голын усыг эсрэг тийш урсгахтай адил зүйл болно.
Би бээр үүнийг ухааралгүй цаг надад байгаа юм чинь одоо амжуулаагүй зүйлсээ дараа амжуулчихна гээд явсан маань буруу байжээ. Одоо эргээд харахад зарим зүйлсийг нь амжуулж хийх цаг нь өнгөрөөд нэгэнт хожимдчихсон, заримийг нь хийх цаг ерөөсөө байхгүй болсон байна. Тухайлбал гэр бүлдээ зарцуулах ёстой байсан цагаасаа би дэндүү ихийг өөр зүйлд зарцуулжээ. Иймээс ойрноос цаг хугацааны хувьд дэглэмээ өөрчлөн зохиохоор хичээж эхэллээ. Гэр бүлтэй хүний хувьд ар гэр гэдэг бол хамгаас чухал зүйл юм. Ямар ч их ажилтай байсан гэртээ яаж ийгээд эрт харих хэрэгтэй. Мөн эрт босч эрт орондоо орж байх нь чухал. Ингэх нь бие болон оюун ухааны хэмнэлд онцгой сайн нөлөөтэй. Ингээд эрт хариад эхлэхээр өмнө арай их хугацаа зарцуулж амжуулдаг байсан ажил маань зарим нь амжихаа болиод эхлэнэ. Иймээс ажлаа зөв хуваарилж аль чухал ажлаа түрүүнд тавих болно. Ер нь ингэж их цаг ажилдаа зарцуулаад байгаа нь миний бүтээмж муутайнх байх, эсвэл би хэтэрхий их ажил өөр дээрээ аваад байгаа. Орой болтол суугаад, сууж үлдэж байгаа хүмүүсийн айргын тавд өдөр болгон багтаад байхаар бусад хүмүүс ч дандаа л ингэж байх ёстой мэт санах нь бий. Зарим өдөр эртхэн харих тохиолдолд гайхах жишээтэй. Ер нь баг болж ажиллахад баримтлах нэг чухал зарчим бол ажлаа жигд хуваарьлах юм. Цөөн хэсэг нөхөд нийлж сууж байгаад нэг юм хийчихээд бусаддаа өгөхөд тэд нь оролцоогүйгээсээ болоод ойлгохгүй, хайнгадуухад хүлээж аваад тоохгүй өнгөрнө, хэсэг хугацааны дараа бүр мартчихна. Харин аль болох олон хүн хамруулаад хийвэл зохицуулалт болон харилцаа холбооны асуудлаас үүдээд жаахан удаашралтай байж болох авч эцсийн бүтээл нь хүн бүрт ойлгомжтой наалдацтай болж мэдэх юм шиг. За ямар ч байсан цагтаа амжихгүй байгаа ажлыг бусад хүмүүсийг татан оролцуулах замаар хийх нь миний хувьд тун үр өгөөжтэй байгаа.
9.30 аас өмнө харина гэдэг өдрийн од шиг байсан бол одоо 8 цагаас хэтрэлгүй ажлаа дуусгаж сурахаар хичээж байна.
Цагийн юмыг цагт нь хийж байя, хоцроохгүй, эртдүүлэх ч үгүй. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд хэрэггүй гэдэг.