Хөгжүүлэгч болох зам харгуй

Roadmap to System Engineer

Хөгжүүлэгч гэж би энд програм хангамжийн хөгжүүлэгчийг(software developer) ярьж байна. Саяхан миний нэг шавь хөгжүүлэгч болоход ямар номнуудыг заавал уншсан байх хэрэгтэй вэ, ер нь ямар замаар явахыг зааж өгөөч гэж хүссэн юм. Хэдийвээр би өөрөө тийм мундаг хөгжүүлэгч буюу системийн архитект биш ч гэсэн өөрийн хэмжээнд шавьдаа хэлсэн хариултаа энэ асуултын хариуг мөн адил сонирхож байгаа дүү нартаа зориулан арай жаахан сийрүүлээд бичихээр шийдлээ.

Ирсэн захидал

Оройн мэндийг хүргэе.

Хичээл ном маань 6 сарын 5-наас үндсэндээ дуусна. Шалгалтуудаа өгөөд төсөлийн ажил руу хамаг хүчээ дайчлан ажиллах зорилготой байгаа. Гараасаа ихийг гаргахсан гэж хүсч байна. Ажиллахын сацуу оройд сууж, мэргэжилтэн хүний заавал унших ямар ном байдагав, тэр бүгдийг уншья гэж шийдлээ. Аливаа ажлыг системтэйгээр хардаг, тодорхойлдог, барих байгуулах, түүнчилэн архитектурыг нь зохиомжилох мэдлэг чадварыг эзэмшье.

Ямар номнуудыг барьж авахав? Ер нь би яах хэрэгтэй байна вэ? Таны зүгээс roadmap тодорхойлох бололцоо байна уу? Таныг л чадна гэж хувьдаа итгэж байна. Надад тус болно уу.

Гүнээ хүндэтгэсэн Баттөр.

Захидалын хариу

Ойлголоо. Өөрийн мэдлэг чадвар, харах өнцөгийн хүрээнд хариулья.

Чамайг гайгүй сайн архитект болж лавтайяа чадна гэж би итгэдэг. Хүнд хичээл зүтгэл, хүсэл эрмэлзэл байсан цагт хүссэндээ хүрэх нь гарцаагүй.

Миний мэдлэгийн үнэлж ингэж хандаж байгаад баярлалаа. Гэхдээ л сайн архитект болж системийг бүхлээр харж өргөн сэтгэдэг болоход надад ч гэсэн маш их дутуу зүйлс байгаа нь өдөр болгон л мэдрэгдэж байдаг.

Яаж архитект болох вэ? Юуг судлах вэ? Анх сурж байгаа хүн ямар чиглэлийн ямар номуудыг заавал уншсан байх вэ? гэдэгийг тодруулахад амаргүй. Тэр өндөр оргилд гарахын тулд унших ёстой номыг жагсаавал уртаас урт болох нь гарцаагүй. Унших ойлгох тусам цаана нь өчнөөн юм байгаа нь харагдаад байдаг болохоор тэгж байгаа хэрэг.

Жишээлвэл төрсөн газраасаа гарч үзээгүй хүн онгоцоор нисээд хот орохдоо өчнөөн юм харж таарна, өөр очоогүй газар улам их байгааг харах болно. Цаашлаад дэлхийгээ үзчихээд цааш харвал нарны аймгийн гаригууд бүр цаашлаад өөр галагтикууд түүнээс цааш …. гээд улам томоор харах тусам харах өнцөг ихэсч урьд нь хардаггүй байсан зүйлсээ мэддэг(мэддэггүй гэдгээ мэддэг) болж эхэлнэ гэсэн үг. Тиймээс мэдлэгийн жагсаалтыг гаргаж өгсөнөөр архитект болох зам харгуйг зааж чадахгүй. Хүн болгон өөрийнхөөрөө өөртөө таарсан мэдлэгийг олж авч эзэмшинэ.

Үүгээр би юуг хэлэх гээд байна вэ? гэхээр -Үнэхээр ихийг мэдье гэж хүсч байвал мэдлэгийг бага гэлтгүй сонирхоод л өөрийн болгоод байх хэрэгтэй. Олж авах мэдлэг чинь эхлээд чинь эргэн тойронд байснаа хүрээ нь тэлэгдэж холдоод л байна, холдох тусам олж авахад хэцүү болно, яваандаа зарим нь хоорондоо холбогдоод эхэлнэ. Яг ингээд олж авсан мэдлэгүүд чинь захаасаа холбогдоод ирэхээр алив системийг бүхлээр харах чадвар бий болж эхлэнэ дээ. Архитект болоход мэдлэгийн хувьд дөхөж байна л гэсэн үг , гэхдээ зохиомжыг ганц мэдлэгээр хийхгүй туршлага чадвар үүнээс ч илүү хэрэгтэй.

Туршлага чадварыг сурах хамгийн оновчтой бөгөөд хурдан арга бол хийх юм, өөрөө хийж эзэмшсэн мэдлэгэ, дадлага, чадвар гэдэг бол хаана хэнээр ч заалгаснаас үнэтэй зүйл байдаг. Хаа нэгэн мундаг сургуулийг төгсөөд шууд архитект буюу зохиомж хийдэг болчихно гэж байхгүй байх. Ер нь шууд сургууль төгсөөд кодчин(programmer) болно гэдэг ч эргэлзээтэй. Наана нь олон юм хийж үзэж удаан хугацаа зарцуулан байж сая системийг бүхлээр нь хардаг, зөвхөн хардаг биш харсан сэтгэсэн зүйлээ зөв гэдэгийг баталж хийж чаддаг, хийхэд хэцүү нь юу вэ, анхаарах нь юу вэ, гол нь аль нь вэ гэдэгийг мэддэг болдог. Ийм учраас архитект болоход хичээл зүтгэл, тэвчээр, хугацаа хэрэгтэй юм.

Миний хувьд гэвэл би сургуулиа төгсөөд ёстой юу ч мэдэхгүй ногоон амьтан ажил дээр гарч билээ. Тэр үед надад зааж зөвлөх олигтой хүн ч дэргэд байсангүй, хүчээ сориод хийх ажил ч байсангүй. Урсгалаараа л өөрөө энд тэндээс юм судлаад л явдаг байлаа. Нэг хэсэг ухаангүй өлссөн юм шиг л мэдэхгүй юм дуулдаж тааралдах болгонд заавал мэдэж байж санаа амардаг байж. Одоо ч гэсэн мэдэхгүй зүйлс байнга гарч ирдэг боловч заримыг алсуур таамаглаж иймэрхүү юм байгаа боловуу гээд заримыг болохоор залхуурч дараа больё гээд уншиж мэдлэгээ баяжуулах нь багассан байна. Надад нэг зуршил байснаа ярья. Юм судлаад уншиж байхад нэг мэдэхгүй зүйл гарахаар нь тэр зүйлийг хөөж уншаад цаашаагаа бас өөр зүйл гараад ингэсээр байгаад баахан мэдэхгүй юмнуудыг салаанд төөрч орхидог байлаа. Гэхдээ дээр хэлсэнээр тэр болгоныг бага багаар гээлгүй мэдэж аваад байхаар аяандаа мэдэхгүй зүйлс багасаад ирэхээр овоо урам ордогсон. Миний хувьд системтэй нэг ном барьж аваад уншиж байсан нь тун ховор, яг хэрэгтэй зүйлээ хөөгөөд л тэрэнтэйгээ холбоотой бүх зүйлийг мэдэж авахыг зорьдог байлаа. Тэр үед надад мэдэхгүй зүйлээ асуухад зүгээр чиглүүлээд өгдөг хүн л байсан бол их хугацаа хэмнэж их ч юм мэдэж авах байсан даа гэж боддог юм.

Одоо харин би өөрөө тийм байж чадаж байна уу үгүй юу? Чадахгүй л байгаа болов уу? Энэ нэгдүгээрт надаас болж байгаа , хоёрдугаарт мэдээж ажил ихтэй байгаа байх. Гэхдээ одооноос энэ тал дээр жаахан хүч тавин ажиллахаар зориод байна. Хүний мэдлэгийн дутуу хаанаа байна тэрийг нь хэлж өгдөг, чадахгүй чадвар юу байна тэрийг нь заагаад өгчихдөг л байвал болох юм шиг санагдаад байгаа.

Эцэст нь хэлэхэд зүтгэл гаргаад, хийж чадахийн төлөө хичээх хэрэгтэй, хажуугаар нь мэдэхгүй байгаа зүйлээ тэр дор нь олж мэдэж байж санаа амардаг байх хэрэгтэй. Энэ маягаар туршлага мэдлэгэ хоёрыг хуримтлуулсаар байвал хэзээ нэг цагт хүсэж байгаа зүйлдээ хүрэх л болно. “Must-read book”-чинь мэдэхгүй байгаагаа мэдэж байгаа бүх юм чинь гэж хэлэх байна.

Удахгүй сургалтын үйл ажиллагаа эхлэхийн өмнө энэ талаар ойр ойрхон санал солилцож байх болно. Тэр үед чухам юуг мэдэхгүй байгаагаа юуны талаар тоймлон сонсмоор буйгаа илэрхийлнэ биз ээ.

Гүнээ хүндэтгэсэн Очироо.