Боловсрол буюу Багш нарын цалингийн тухай
Мэтгэлцээн
Хамаатан садан дотор маань багш олон байдаг тул энэ сэдэв дээр миний санал цалин нэмэх тал руу хэтийдсэн байх магадлалтайг ойлгоорой. Уг мэтгэлцээнд оролцогч талууд өөрсдийн саналыг ээлж дараалан танилцуулаад, эсрэг тал нь тодруулах, няцаах зэргээр үргэлжилж байв.
Цалинг нэмүүлэх хорооны үндсэн шаардлага нь хүний эрхийн түгээмэл тунхагт цалингаараа хүн наад захын хэрэгцээгээ хангадаг байх ёстой, багш нарын цалин зохих хэмжээнээс хэт доогуур байгаа бөгөөд цалин нэмснээр инфляци тэгтлээ өсдөггүйг судалгаагаар тогтоосон болох, суурь боловсролыг олон нийтээр тэгш эзэмших боломжтой байх ёстой, суурь боловсрол дээр өрсөлдөөн, зах зээлийн хууль ярих нь буруу гэж байв.
Эсрэг талын гаргаж тавьсан шалтгаанууд нь боловсролын системийн бүтэц буруу байгаа, бүтэц бууруу байхад цалинг хавтгайруулан нэмэх нь үнсэн дээр ус хийсэнтэй адил, боловсролын системд өрсөлдөөн байхгүй байгаа, менежментийн хувьчлал нэвтрүүлж зах зээлийн зарчмаар явах нөхцлийг бүрдүүлэх гарц байгаа гээд, ваучерийн систем гэх зарим оронд амжилттай хэрэгжсэн аргыг ярьж байв. Рикардогийн онол, Кларк болон бас хэний ч билээ нэрийг дурдан тухай тухайн онолоор бол цалин нэмэх нь үр ашгийг нэмэгдүүлдэгүй гэх мэтээр зах зээлийн эдийн засгийн онол, нэршил хэрэглэн мэтгэж байв.
Мэтгэлцээний эцэст дүгнэн хэлэхдээ, цалин нэмнэ гэдэг бол том асуудлын зөвхөн нэг хэсэг нь юм байна, системийн шинэчлэл хэрэгтэй бөгөөд ямар нэг хэлбэрээр менежменийн хувьчлал хийх нь зөв, сургуулийн үйл ажиллагаанд эцэх эхийн оролцоог нэмэгдүүлэх, сургуулийн үйл ажиллагааг хэмждэг стандарт оруулж ирэх хэрэгтэй зэрэг цаашид дэлгэрүүлэн хэлэлцэх асуудлууд байгааг тоочин төгсгөв.
Өөрийн бодол
Багш нарын цалин байх ёстой доод хэмжээнд хүрэхгүй байгаа нь үнэн бөгөөд энэ нь эмч, цагдаа болон бусад төрийн албаныханы хувьд ч адил. Тэр дундаа багш нарын цалинг нэмэх ёстой юу гэвэл - Тийм.
Зах зээл эдийн засгийн онолоор бүх юмыг үзэж болохгүй, гэхдээ зах зээлийн механизмд зохируулж хэрэгжүүлэх арга барилаа хайх нь гарцаагүй. Аливаа юманд дэс дараа буюу урьтал гэж бий. Эдийн засгийн онолууд нь зах зээлийн зарчим дээр суурилдаг бол, зах зээлийн зарчим нь хүний эрхийн суурь үзэл баримтлалаас гарч ирнэ. Иймээс хүний эрхийн үндсэн зарчмууд эхэнд тавигдах ёстой. Суурь боловсрол бол аль ч нийгмийн үндэс учраас комунист нийгэм ч капиталист нийгэм ч суурь боловсролоо нэн түрүүнд анхаардаг. Хүн суурь боловсролыг заавал эзэмших ёстой бөгөөд, ядуу баян ямар ч үндэстэн бай тэгш боломж олгогдсон байх ёстой гэдэг нь нийтлэг ойлголт. (Энд мэргэжлийн боловсрол, дээд боловсрол, хувийн сургуулиудыг хамааруулаагүйг анзаараарай.)
Зах зээлийн онолоор бол үнэ хямд чанар сайтай бараа үйлчилгээ эрэлт ихтэй. Эрэлт ихтэй бараа үйлдвэрлэж чадвал өрсөлдөөнд ялж ашиг орлого нэмэгдэнэ. Ашиг орлого гэдэг бол сайны хэмжүүр. Суурь боловролын хувьд ашиг орлого нь юу юм бэ? Ирээдүйн иргэдийн ёс суртахуун, нийгэмшлийн түвшин буюу нэг ёсондоо хөгжлийн үндсэн хэмжүүр гэж хэлж болно. Хүн бүрт тэгш олгогдох ёстой суурь боловсрол дээр өрсөлдөөн үүсч хэт зах зээлжвэл тэгш биш болох магадлалтай. Сайн сургууль багш нартаа илүү өндөр цалин тавьна, багш нар тэр сургууль руу явна. Хир тааруухан сургууль бага цалин тавина, тааруухан багш нар нь үлдэнэ. Тэр сургуулийн хүүхдүүд хохирно. Тэгш боломж гэдэг зарчим алдагдана. Тэгш боломжгүй нийгэм бухимдалтай, эдийн засаг улс төрийн хувьд тогтворгүй байх болно.
Цалингийн хэмжээг зөв тогтоохын тулд хаанах газраас гаргасан стандарт байх ёстой гэж мэтгэлцээний үеээр дурдагдав. Ямар нэг стандарт нэвтрүүлээд ч юм уу, хэмжих арга хэрэглээд багш нарийн цалингийн байх ёстой "бодит" хэмжээг тооцож гаргалаа гэж үзэе. Яг л тонн нүүрс, унц алтны үнэ ярьдаг шиг 1 хяналтын ажил засвал тэдэн төгрөг, 1 цагийн хичээл 1 хүүхэд тэдэн төгрөг гэх маягаар бодлоо гэе л дээ. Гэтэл тэр цалин нь багшийн амьдралд хүрэлцэхгүй бол яах вэ, эсвэл хэтэрхий өндөр гараад ирвэл? Цалингийн зээлтэй, өдөр хоногоо өнгөрөөж байгаа багшаас сайн үр дүн гарахын тулд эгэл биед хүндэдсэн тэвчээр, хүч чадал шаардлагатай. Тийм хүмүүс цөөн.
Ер нь ар гэр амьдрал ахуйгаа аваад явах санхүүгийн болон нийгмийн баталгаатай болсоны дараа л хүн бусад юманд анхаарал тавих боломжтой болдог. Нийгэмд бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, бусдад сайн сайхан нөлөө үзүүлж чадаж байгаа хүмүүс санхүүгийн тал дээр бие дааж чадсаны дараах хүмүүн байдаг. Ядуу хүнд сайн сайхан зан чанараа илэрхийлж гаргах боломж нөхцөл нь бага. Өөрөөр хэлбэл ёс суртахууны хэм хэмжээг санхүүгийн бие даасан байдалтай шууд хамааралтай гэж болно. Хүн ар гэрээ тэжээж чадах цалин авч байж урдах ажилдаа сэтгэлээсээ хандана. Гэхдээ санхүүгийн байдлаас хамааралгүйгээр ёс суртахуун сайтай эсвэл муутай хүмүүс аль ч түвшинд бий. Сургуулийн санхүү будлиантуулдаг захирал, ангийн мөнгө завшдаг тохиолдлууд байгаа л байх. Цалин хэдий хүрэлцдэггүй ч ажлаа сайн хийдэг, сурагчид эцэг эхчүүдэд хүндтэй багш нар олон бий, тэдгээр хүмүүсийн нуруун дээр л суурь боловсрол өдий зэрэгтэй яваа гэж боддог. Цалинг нь нэмэх цаг болсоон.