Анхны ажил буюу БАМ явах шахсан минь

Apple компаний вэб рүү ороод үзээрэй. График дизайнаасаа дутахгүй ашигласан фонт нь нүдэнд тусдаг юм. Бүхий л тиг, гортиг, засвар зай, өндөр намыг нарийн тооцсон, цэвэрхэн, мэргэжлийн түвшинд хийгдсэн байгаа нь анзаарагддаг.
—График дизайнер
§

2000 онд анх ажилд орж байснаа санахад эрч хүчээр дүүрэн шинэхэн төгссөн оюутан, ёстой л Гансүх ахын хэлснээр БАМ[1] явуулчмаар залуу байж. Хорин настай шинэхэн төгсөгч MCS Электроникст програмист авах сургаар харваж очсон юм. Тохиолдлын явдал ч биш л дээ, үеэл эгч маань танилаараа дамжуулж уг компанид програмист авах орон тоо байгааг мэдээд очиж ярилцллага өгөөрэй гэсэн юм. Ярилцлагад програм хангамжийн хэлтсийн дарга болох Гансүх ах, автоматжуулалтын хэлтсийн дарга Цэлмэг хоёр байсан. Ярилцлага MCS ийн(тэр үед 1 дүгээр сургуулийн эсрэг талд байдаг байсан 5 давхар шоо дөрвөлжин барилга) 3 давхарын хамгийн мухрын өрөө буюу сэрвэрийн өрөөний өөдөөс харсан захирлуудын өрөөнд болсон юм. Их богинохон. Би орж ирэнгүүтээ мэнд мэдсэн, хэн нэг нь намайг суу гэсэн санагдана. Миний анкетийг бүгд харж байснаа, Цэлмэг захирал, - Аа чи хэрэглээний мат төгссөн юмуу, манайд уг нь хэрэглээний матийн ганц нэг асуудал байгаа гээд битүү завны дотрох долгион тархалт эдэртэй холбоотой яриа өрнүүлж байтал Гансүх ах нэг хошин бодлого асууж билээ. Ямар ч байсан тэр бодлого нь их л дотно байж би тэр дор нь хариулахад бүгд инээлдсэн санагдана, би одоо болтол тэр ямар асуулт байсныг санадаггүй юм. Ер нь Гансүх ах болж өгвөл яриан дундуур хошин үг хавчуулчихдаг, онигоо болон инээдтэй хууч яриа бэлэн зэхээтэй явдаг хүн л дээ. Автоматжуулалтын хэлтэс бол бүрэн бүрэлдэхүүнээрээ Цэлмэг захиралын шавь нар болохыг удахгүй мэдсэн бөгөөд шавь нарь нь түүнийг электроникийг бараг л тултал судалсан хүн гэж бахархан ярихыг сонсоод би ч бас бахархах сэтгэл төрж билээ. За тэгээд Гансүх ахын асуултанд хариулсны дараа, яагаад програмист болохыг хүсдэг вэ гэх мэтчилэн байдаг хэдэн асуултууд асуугдаад бүх юм тодорхой болж билээ. Гансүх ахын хувьд “энэ нөхөр боломжын” гэсэн байдал бий болонгуут ярилцлагад оролцож байсан хоёр захирал бас эерэг болоод ирэх шиг санагдсан. Хариугаа долоо хоногт багтаагаад хэлнэ гэсэн хариуг албан ёсоор сонссон ч, "-Нэг дэх өдрөөс ажилдаа ирээрэй" гэсэн хариуг үеэл эгчид дамжуулсныг гэртээ ирээд мэдэж билээ.

Тэр үед 64 мегабайт санах ойтой пентиум III процессор бол хэр барагтай олдоод байдаг төмөр биш байв. Ангийнхантай уулзахдаа ажил дээр хэрэглэдэг компүүтэрийн үзүүлэлтийг хэлж гайхуулна. Хэдий мундаг хүчин чадалтай ч ашигласэн эзнээсээ хамаараад төмөр эдийн хувь заяа шийдэгддэг хойно доо. Ажлийн анхны өдөр баахан дуу татав, юун сургуулийн интернэттэй харьцуулашгүй, 2 мэгабайт дууг 1 минут хүрэхгүй татаж байна. Тэгээд нэг л их дуу сонссон хүн сууж байтал Гансүх ах хүрч ирээд миний рок од болох хүслийг нам дарав.

— За юу хийж байна?
— Аа, юу ч …
— За тэгвэл фонт хийнэ дээ
— Фонт уу? …
— Тийм. За ингэнээ хөө гэснээ баахан Орос фонтуудыг зип дискэн дээрээс хуулаад ө ү үсгүүдийг truetype фонт зохиодог програм ашиглаж хэрхэн нэмж оруулахыг тайлбарлаж өгөв.

Тэр ярианаас хойш хоёр хоногийн дараа зуугаад фонтыг ө ү үсэгтэй болгоод байтал Гансүх ах хүрж ирээд ажил хир явж байгааг асуув. Бараг дуусж байгаагаа хэлтэл - "БАМ явуулчмаар залуу юу энэ чинь" гэх нь тэр. Тэр үедээ учрыг ойлгоогүй ч дараа нь Гансүх ах БАМ гэж ямар газар байсныг тайлбарлаж өгсөн юм. "Тэр БАМ руу нь явсан ч яадаг юм" гэж дотроо бага зэрэг шаралхан бодож билээ.

Одоо харин БАМ явуулчмаар залуучууд ховор болжээ. Ажлыг хар бор гэж гололгүй сэтгэлээсээ хийдэг, нэг хийсэн бол дуусгадаг зан чанар ямар ч мэргэжилд хэрэгтэй. Би БАМ яваагүй ч хөдөлмөрийн үнэ цэнэ, мэргэжлийн чадварыг үнэлдэг хамт олны дунд орж ажлын анхны гараагаа эхэлснээ азтайд тооцдог юм.
[1] БАМ - Байгал Амарын Төмөр зам гэдэг үгийн орос товчлол. Оросын сайн, муу бүх хүний хүчээр боссон агуу бүтээн байгуулалт. Брежневийн үеийн БАМ явуулчихмаар чөтгөрүүд үү гэдэг онигоо байдаг байжээ.

UPDATE: 2017/05/15
Энэ бичвэрийн эхний хувилбар дээр би БАМ-г Донбасс гэж буруу бичсэн байжээ. Гансүх ах залруулж өгсөнд баярлалаа.