Шашин

God has no religion.
—Mahatma Gandhi
I would rather live my life as if there is a God and die to find out there isn't, than live as if there isn't and to die to find out that there is.
—Albert Camus
In truth, there was only one christian and he died on the cross.
—Friedrich Nietzsche
Science without religion is lame, religion without science is blind.
—Albert Einstein
I believe in God, but not as one thing, not as an old man in the sky. I believe that what people call God is something in all of us. I believe that what Jesus and Mohammed and Buddha and all the rest said was right. It's just that the translations have gone wrong.
—John Lennon
Тавиад мянган жилийн өмнө шашин оршиж байсныг илтгэх археологийн олдвор тэмдэглэгджээ. Хөгжим, урлаг, хэл яриа үндэстэн бүрт байдаг шиг шашин шүтлэг ч байдаг. Иймд шашин нь хүн төрөлтний нийтлэг шинж юм. Шашин шүтлэг үүссэн шалтгааныг хүний оюун ухаан, сэтгэхгүйн хөгжилтэй холбож тайлбарладаг. Балар эртний хатуу ширүүн уур амьсгал, зэрлэг байгальд хүний өвөг устаж мөхөлгүй үлдэж чадсан нь бодож сэтгэж, аливааг урьдчилан төлөвлөж тооцоолох, юмс үзэгдлийн учир шалтгаант холбоог олж харах чадвар хүмүүний тархинд онцгой хөгжсэнтэй холбоотой. Ан амьтан ямар хөдөлгөөн хийх гэж байгаа, тухайн үйл хөдлөл ямар зорилготой болохыг таамаглаж чадвал ан авлах, амьд үлдэх магадлал ихсэнэ. Бутны мөчир сэрвэлзэн хөдлөхөд араатан амьтан дайрахаар мярааж байна гэж сэжиглэсэн нь салхинд бут найгаж байна гэж бодсоноос амь насанд тустай. Бут салхинд хөдөлсөн бол тэр л биз, юу ч болохгүй. Харин үнэхээр араатан амьтан мярааж байсныг салхи гэж гэнэдвэл амьдрал нь төгсгөл болно. Тооцоолох, төсөөлөх чадвар хөгжсөөр амьд байгаль дээр буй юм бүхэн ямар нэг зорилготой гэсэн зарчим тархинд нь хатуу сууж, байгалийн төгс хууль мэт ойлгох болжээ. Амьгүй юмсыг хүртэл амьтай мэтээр зорилгожуулж учир шалгтаан зүй тогтлыг хайна. Нар яагаад манддаг вэ? Улирал яагаад солигддог вэ? Цахилгаан цахидаг нь ямар учиртай вэ? Бүгд зорилготой л байх ёстой гэж итгэнэ. Гэвч хүний мэдэж чадах боломжид хүрээ хязгаар бий. Тэрхүү хязгаараас хальсан юмс үзэгдлийн тайлбарыг ямар нэг нууцлаг хүчин зүйлд даатгасан нь хязгааргүй хүчит, бүхнийг мэдэгч, ертөнцийг ивээлдээ багтаагч Бурхан юм. Хэл яриа, хувцас хунар, урлаг соёл өөр шигээ үндэстэн бүр өөр шашинтай байв. Чөтгөрийг хөөх гэж Thor бурхан алхаа балбадаг учраас аянга цахидаг. Их хайрханы сахиус хилэгнэсэн учраас энэ жил ан гөрөө ховор байна гэх мэт тайлбар мянга мянган жил хүмүүний санаа бодлын чинадад буй аугаа орчлон ертөнцийн зах хязгаарыг хаяалж байв.
§

Эрт цагт хүмүүс шашныг оролцуулаад бүхий л мэдлэг мэдээллийг амаар дамжуулдаг байснаас өвөө эмээгийн ярьсан нь ач зээд очихдоо зарим хэсэг нь гээгдээд, эсвэл шинэ адал явдлаар баяжаад явдаг байсныг төсөөлөхөд амархан. Өргөн уудам нутагт нэг шашин зонхилон тархах боломж байсангүй нь үүнтэй ч холбоотой биз. Томоохон соёл иргэншлүүдийн суурь тавигдахтай зэрэгцээд шашны зонхилох сургаалиуд бүрэлдэх нөхцөл бий болов. Бичиг үсэг үүссэнээр шашны номлол олон үе дамжин тогтвортой уламжлагдах болов. Олуул бөөгнөрөн суурьшах зайлшгүй нөхцөл болох ёс суртахууны хэм хэмжээг сахиулах үүргийг шашин гүйцэтгэж эхэлжээ. Авраамын шашнуудын суурь болох июдэйн шашны судар 5000 жилийн угшилтай. Бурхны шашин 2500 жилийн өмнө бүрэлдэх үед Энэтхэгт тоолж баршгүй олон шашны урсгалууд хөгжиж байсан гэдэг. Исүсийг төрөхөөс өмнө газрын дундад тэнгисийн зүүн эрэг хавиар дор хаяж 19 шашны томоохон урсгал 270 гаруй салбарлан оршиж байсан гэдэг. Анхны төрт улсууд бүгд шашинтай байжээ. Нэг шүтээнтэй байх нь хууль эрх зүй өнөөгийнх шиг сайн хөгжөөгүй үед төр улс оршин тогтнох нэг тулгуур байсан байна. Шудрага бус явдалтыг бурхан цээрлүүлнэ гэж бүгдээр итгэх нь нийтийн эрх ашигт мэдээж тустай. Томоохон улс гүрнүүдийн суурийг тавигчид ихэнх нь шашиндаа итгэдэг байсан ч, шашныг өөрийн зорилгод ашиглах тохиолдол ч цөөнгүй тэмдэглэгдсэн байдаг.

§

Газар тариалан, хот суурин хөгжсөний нөлөөгөөр хүмүүс мэргэшиж эхлэв. Тариачин, малчин, дархан, мужаан, оёдолчин, худалдаачин, цэрэг гээд олон мэргэжил үүсэв. Маргаашийн хоолонд санаа зоволгүй нухацтай бодож бясалгах боломжтой болов. Тооны ухаан хөгжиж, түмэн бодисийг судлаж, философийн үндэс тавигдав. Мэдлэгээ тэлж эхэлсэн ч, хариултыг нь мэдэхгүй асуултууд бас олон болов. Ирээдүйг бодож тунгаах чадвартай болсоноос хойш хүний ухамсарласан хамгийн яривагтай асуудлын нэг бол хүн өөрөө хэзээ нэгэн цагт гарцаагүй үхэх юм гэдгийг ойлгосон нь ч байж болох.

  • Дэлхий ертөнц хаанаас хэзээ үүсэж бий болов?
  • Ертөнц яагаад бий болов?
  • Би хэн бэ?
  • Амьдралын утга учир юу вэ?
  • Хүн үхсэний дараа яах вэ?
  • Ухамсар, оюун ухаан гэж юу вэ?

Эдгээрийг зах зухаас нь хариулах гэж хүн төрөлтний аугаа сартваахиуд түүхийн туршид бясалгажээ. Үнэнийг хэлэхэд ихэнх нь хангалттай хариулт өгч чадаагүй юм. Хир барагийн хүн өөрөө бодож эргэцүүлээд хариулт олоход хэцүү, хариулт оллоо гэхэд бусад хүмүүст ойлгуулахад хэцүү. Харанхуй агуйн хананд гавлуулсан хүмүүсийн тухай Платон нэгэн ёгт үлгэр хэлсэн байдаг. Ханан дахь сүүдрээс өөр бодитой юм бий гэж төсөөлж үзээгүй хүмүүс гэрэлд гарч бодит ертөнцийн тухай мэдсэн нэгэндээ итгэж үл чадна. Эцэстээ түүнийг гэрэлд гараад нүдээ сохолчихсоноос зайлахгүй, тийм болохоор гарах хэрэггүй юм байна гэж дүгнэцгээдэг. Хүн гэдэг амьтан төрөлхийн залхуу, ялангуяа бодож сэтгэхдээ аль болох амар хялбар тайлбарыг хайдаг учраас яривагтай асуултуудыг бодож тархиа гашилгаснаас шашин номлогчид итгэж бэлэн будаа идэхийг илүүд үзэх нь ихэнх байжээ.

§

Сэргэн мандалтийн үе бол соёл урлаг, шинжлэх ухаан урьд байгаагүйгээр хүмүүсийн сэтгэл тархийг эзэмдсэн үе юм. Хүмүүс шашныг илт үгүйсгэхгүй ч, шашинд тавих анхаарал нь багасч оронд нь урлаг, шинжлэх ухаан, философи түрэн орж ирсэн юм. Шинжлэх ухаан ертөнц 6 мянгаас хамаагүй урт настай, дэлхий бол ерөнтөнцийн төв биш нарыг тойрон эргэдэг нэгэн гариг, хүн сармагчин хоёр нэг өвөгтэй гэв. Шинжлэх ухаан дараагийн үсрэлтээ хийв. Үйлдвэржилийн эрин эхэлснээр нийгмийн харилцааны шал өөр бүтэц бий болов. Ницше "God is dead" гэв. Бурханд итгэж байсан хүмүүс амьдралын учир утга, ёс суртахууны зүг чигээ алдаж сэтгэлд нь бурханы хэлбэртэй нүх онгойж үлдлээ. Шашныг шинэчлэх зайлшгүй шаардлагад хүргэдэг үндсэн хоёр нөхцөл бол; Нэгт хүмүүний мэдлэгийн сан өргөжин нэмэгдэх, Хоёрт нийгмийн бүтэц ахуй амьдралд ахиц гарснаар ёс суртахууны шинэ хэмжүүр тогтох юм. Эхэн үеийн шинэчлэлтүүд эх үүсвэр, хуучин номлолоосоо хэт гажуудсанаа засах, зөв голдрилд нь буцааж оруулах чиглэлтэй байсан бол сүүл үеийн шинэчлэл нь эрин үе нийгмийн хэрэгцээ шаардлагад тааруулах зорилгоор хийгдэх нь ихэнх байжээ.

§

Шашны гаж урсгал шашин хоёр өөр юм. Гаж урсгалууд тахин шүтэгдсэн удирдагчтай, бөөнөөрөө нэг дор амьдардаг, нийгмээс ямар нэг хэмжээгээр тусгаарлагдсан, асар их цаг болон санхүүгийн дэмжлэг шаарддаг, нэг орсон бол буцаж гарахад маш хэцүү дүрэмтэй, хатуу тангараг өргүүлдэг гэх мэт нийтлэг шинжтэй байдаг. Монголд эхнэр нөхөр олж өгдөг, сүнс дууддаг, мөнгө саадаг шашны гаж урсгал олон хүний амьдралыг үрсэн тохиолдол гараад байгаа нь оюун санааны зүг чигээ алдсан, үзэл баримтлал суугаагай хүмүүс олон байгааг харуулж байгаа юм. Тогтсон үзэл бодолтой, өөрөө аливаад дүгнэлт хийж бодож цэгнэдэг хүн тиймэрхүү зүйлд итгэхгүй. Мүүн гэдэг cult нилээн хэдэн жилийн өмнө Монголд орж ирсэн байсныг гэнэт мэдээд нэг хэсэг олноороо ханцуй шамлан дайрав. Мүүнийг зогсоох хориглох нь зөв. Гэхдээ ихэнх шүүмжлэлүүд нь хувь хүн рүү чиглэсэн ad hominem дайралтууд болохоос Яагаад Мүүн буруу вэ? Шашин cult хоёр юугаараа ялгаатай вэ? зэрэг нийтийн оюун санаанд дархлаа суулгах ёстой үндсэн асуудлуудыг хөндөөгүй байгаа нь эмгэнэлтэй. Өнөөдөр Мүүнийнхний болохгүй муу муухайг гайхаж гайхчихаад маргааш Мүүн нь Миун болоод орж ирэхэд мэдэхгүй байхад гайхах юмгүй.

§

Монголчууд бид буддын шашинтай. "Буддын шашин бол шинжлэх ухаанд хамгийн ойр шашин" гэж Эйнштэйн гуай хэлсэн. "Лам нар шинжлэх ухааныг ч судлах нь зүйтэй" гэж Далай багш айлдсан. Гэтэл Монголын зарим сүм хийдүүд аль эрт нас барсан ламын хойт дүрийг тодруулахаар хоорондоо булаалдаж байгаа нь инээдтэй гэхээсээ ичмээр гэвэл ононо. Будда багш лав би дахиж төрнө шүү гэж хэлээгүй юм гэдэг. Сүүлийн үед сэргэж байгаа Шүгдэн хэмээх урсгал нь эд агуурс хөөж нийгмийн мөнгөлөг хэсэг рүү чиглэсэн сүлжээ хэлбэртэй байгаа нь ажиглагддаг.

❉ ❉ ❉

Би Монголын буддын шашныг шинэчлэгдээсэй гэж хүсдэг. Монгол лам олон түмэнд төвдөөр ном уншдаггүй Монгол хэлээрээ тайлбарлаж оюун санааг цэнэглэж ёс суртахууны луужин болж чадаасай гэж боддог. Орчин үеийн шинжлэх ухааныг судлаж, буддын шашинтайгаа нийцүүлэн тайлбарлаж гэмээ нь "Хамаг амьтны тусын тулд" хийж буй өнөө цагийн буюн болой.