Twitter буюу Жиргээний тухай

Твиттэр буюу жиргээг 2008 оноос хойш хэрэглэжээ. Дунджаар өдөрт нэгээс цөөн удаа жиргэдэг тул идэвхитэй жиргээч биш гэж хэлж болох байх. Мэдээлэл авах зорилгоор зарим хүмүүсийг дагадаг. Хүн бүр өөр өөр зорилгоор, өөр өөрийн таашаалаар хэрэглэдэг байх. Ерөнхийдөө бүгд л өөрт хэрэгтэй мэдээллийг олж авах, өөрийн үзэл бодлыг илэрийлэх хүсэлтэй. Жиргээчдийн дунд тогтмол ажиглагддаг шүүмжилмээр хэдэн зүйл байна.

Нэгэн зүйл. Жиргээ нь фэйсбүк биш болох

Твитэрт тэнэг байхгүй
Фэйсбүкт царай муут байхгүй
Яахүүд хэн ч байхгүй
—Орчин цагийн зүйр үг

Фэйсбүк хэрэглэж заншсан хүмүүс жиргээ рүү орж ирээд дагасан хүн нь буцаж дагахгүй тохиолдолд цухалдаж бачимдах, өөрөө дагачихаад тэр дороо дагахаа больж, түүгээрээ гомдлоо илэрхийлж хариу авч байна гэж андуурч, дэвэн дэлхийгээр нэг зарлаж байгаа харагддаг. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг дээ уул нь. Жиргээнд та хэнийг дагах вэ гэдэг тань хэнийг дагуулах вэ, хэдэн дагуултай байх вэ гэдгээс чухал юм. Хэн нэгнийг дагасан бол буцаад дагаасай гэж горьдож догдлох хэрэггүй. Анхнаасаа дагахдаа л тухайн жиргээч өөрт тань хэрэгтэй юм жиргэж байгаа эсэхийг л мэд.

Нэгэн зүйл. Хаш таагийн тухайтад

Өнөө хэн чинь хэнээсээ салаад
хэнтэйгээ суух гэжаагаа
гэсэн #гэнээ
—Хөрш айлын хэн гуай

Текст дотор @ болон # тэмдэгтүүдийг онцгой үүрэгтэйгээр хэрэглэдэг нь твиттерээс үүссэн моод юм. Одоо бараг л бүх чаат, нийтийн сүлжээний сайтууд хэн нэгнийг дурдахдаа @ тэмдгийг, сэдэвлэж ярилцахдаа # тэмдгийг хэрэглэх болжээ. Хаш таагийг ямар ч үгэнд зүүж болно гэвэл бас тийм биш юм. Аливаа үгийг таагласнаар тухайн тааг орсон жиргээнүүдийг хайж олоход хялбар болдог. Тухайлбал #Сонгууль2020, #worldcup, #Никитон, #Март8, #7сарын1 гэх мэтчилэн. Тэгвэл монголчуудын хамгийн их хэрэглэдэг #гэнээ гэсэн таагаар хайж үзвэл ямар ч хамааралгүй жиргээнүүд гарч ирдэг. Энэ #гэнээ гэдэг тааг нь “хаа нэг газраас хуулсан” гэсэн утгаар л ойлгогдоно. Тэгэхээр ямар ч хэрэгггүй тааг бас биш болж таарах нь - хүнээс хуулдаг, эх сурвалжаа нуудаг жиргээч хаана байна гэвэл #гэнээ таагаар нь хайхад гараад ирж байна. Хэтэрхий ерөнхий, эсвэл ямар нэг тоймтой зүйлийг заагаагүй үгээр тааг хийхээс зайлсхийгээгэй. “#гэнээ” гэж дэмий үсэг гарздахын оронд хэлсэн хүнийг нь дурдаж байя - via @ochko, by @хэнгуай гэх мэтчилэн.

Нэгэн зүйл. Акаунт авах, зарах тухай

Энэ чинь ариун явдал юм уу, aйн?
Ариун явдал юм уу энэ чинь!?
—Монгол киноны хэсгээс

10К дагагчтай акаунтаа зарна! Яаж ийж байгаад олон дагагчтай болж авсан бол түүгээрээ гайхуулах маягтай, ер нь бол үнэ тохироод зарчихна гэнэ. Олон дагагчтай болох арга техник, зарна гэсэн санааг нь шүүмжлэхээ болъё гэтэл дуугүй өнгөрч чадамгүй нэг логик алдаа байгааг хэлэхээс санаа амрахгүй нь. Акаунт зарна гэсэн зар сурталчилгаагаа зарах гэж байгаа акаунтаараа жиргээд байгаа нь өөрийнхөө тэнэгийг гайхуулж байгаа хэрэг л дээ. Бодоод үз л дээ, тэр олон дагагч нь үнэхээр идэвхитэй жиргээг нь уншдаг бол хулхидуулснаа мэдээд шууд unfollow хиймээр юм. Тухайн жиргээчийг хэрэгтэй ч юмуу сонирхолтой болохоор нь анх дагасан хүн бол зарагдах юм байна гэж мэдвэл unfollow хийчих байлгүй. Би бол шууд unfollow хийдэг. Гэтэл ихэнх дагагч нар нь unfollow хийдэггүй шиг байгаа юм. Зарагдсан гэдгийг нь мэдсээр байж дагасаар байгаа хүмүүс эсвэл жиргээнүүдээ уншдаггүй, эсвэл зүгээр л олон дагагчтай болох гэж дагасан байх талтай. Ингээд бодохоор тухайн акаунтыг худалдаж авлаа гэхэд баахан идэвхигүй дагагч л авч байгаа юм. Иймд акаунтаа зарах хүмүүст зөвлөгөө өгөхөд зар сурталчилгаагаа өөр сувгаар хий. Зурагт радиогоор ч юмуу эсвэл сонинд зар тавь. Харин  зарагдсан акаунт дагасан хүмүүст зөвлөхөд хэлэхэд буруу хүнээ л дагаж дээ та.

Нэгэн зүйл. Харамч retweet хийгээд зусарч like

Бялдууч хүнд ноён амраг
Бааран хүнд нохой амраг
—Зүйр үг

Зарим жиргээчид дарга хүний жиргээг алгасалгүй retweet хийж лайкдана. Зарим нь аятайхан жиргээ тааралдвал retweet хийхээсээ горойгоод хуулчихна. Retweet хийлээ гээд өөрөөс чинь юу ч гарахгүй. Гэлээ гээд хэрэгтэй хэрэггүй юм болгоныг retweet хийгээд байх нь утгагүй. Миний хувьд хүнд хэрэгтэй гэж санагдсан, санал нийлсэн жиргээг бусдад зориулж retweet хийдэг, хэрэг болж магадгүй гэсэн жиргээг дараа эргэж харах зорилгоор өөртөө л зориулж лайк хийдэг. Хүн болгон ингэж хэрэглэх албагүй л дээ гэхдээ долигонуур, хулгайч хүмүүст дургүй гэдгээл л хэлж байна.

Нэгэн зүйл. Эх сурвалжгүй мэргэд хийгээд нэр зээлдэгчид

Арслангийн нуруунд эмээл зохихгүй
Атгаг мунхагт сургаал зохихгүй
Мэлхий харайвч намгаас холдохгүй
Мэхтэн залилавч гутамшгаас зайлахгүй
—Зүйр үг

Зуун дөчин үсгээр хэрэгтэй юмаа жиргээд бас эх сурвалжийг нь багтааж бичнэ гэдэг хэцүү. Гэхдээ өчнөөн зай байсаар байтал албаар эх сурвалжийг нь нуух, бусдаас хуулах нь муухай харагддаг. Эх сурвалж байхгүй жиргээ цээжний бангаар чалчиж байгаа юм шиг харагддаг. Зарим жиргээчид суут хүмүүсийн хэлсэн үгийг тавихдаа тухайн хүний нэрийг дурддаггүй. Тэр үгийг анх уншиж байгаа хүн утгыг нь ухаж ойлгож чадвал өнөөх жиргээчийг тодорч амжаагүй суутан байна гэж бишрэх байх, харин ойлгоогүй нэг нь согтуу юмуу солиотой л гэж бодох байх даа.

Нэгэн зүйл. Дагах эсэхээ шийдэх нь

Сайн хүнд нөхөр олон
Сайн моринд эзэн олон
—Зүйр үг

Миний хувийн цензур юм шүү.

Дагахгүй байх шинжүүд:

  • Гоё зураг олноор тавьсан бол дагахгүй - жиргээг фэйсбүк гээд андуурчихсан явж байх магадлалтай
  • Дэвэн дэлхийн юм хамж шимээд тавьчихсан бол дагахгүй - акаунтаа зарах л зорилготой, таны тархийг хогийн сав болгох вий
  • Хэтэрхий олон жиргэдэг бол дагахгүй - амьдрал богинохон, хэрэггүй юмыг уншилгүй алгасахад ч цаг зарцуулагддаг
  • #гэнээ, #RT гэх мэт сул үгээр тааг хийдэг - Netizen биш. Таны ч, өөрийнхөө ч цагийг дэмий үрэгч. 

Дагахад сайн шинжүүд:

  • Цөөхөн жиргэдэг байх. Хэтэрхий чалчааг дагаснаас дуугайг дагасан нь дээр. Ядаж л цагийг чинь хумслахгүй. Тархины эд эсийг чинь дэмий ажиллуулахгүй.
  • Мэргэжлийн байх, мэддэг юмаа жиргэдэг байх. Хууль сонирхдог бол хуульчийг дага. Програм хангамж хөгжүүлдэг бол програмистыг дага.
  • Юу ч сонирхдоггүй бол улс төрчийг дага, улс төр сонирхдог бол ард түмнээн дага. (наргиа)
  • Өөрт таалагдсан бол, хайнгадуу ч юмуу, хошин жиргээч таарвал дагачих
Фэйсбүкчид гариг андуурсан нь