Эргэлт
Дээд боловсрол юунд хэрэгтэй вэ? Би эртнээс энэ асуудалд хувийн талаас маш болгоомжтой хандаж иржээ.
Aнх би Монгол Улсын Их Сургуулийн магистраа орхисон. Тэр үед би бага байж, хичээл ажил хоёрын нэгийг сонгох болоод зөн совингоороо ажлыг буюу код бичих програмчны зам руу орсон юм. Цулайсан алдаатай оноотой, алагтай эрээнтэй найман жилийг ардаа орхивоо. Эхнэр, 2 хүүхэдтэй болов. Би код бичих, ойлгохын хувьд эрийн цээнд хүрсэн гэж өөрийгөө тооцов. Бас биеэ тоов. Одоо би код бичих биш арай өөрөөр хоолоо олж идэх юмсан гэж бодох боловоо. Ингээд амар замыг олж Япон улсын тэтгэлэгээр магистрын зэрэг хамгаалахаар Васедагийн их сургуульд ирлээ. Зорилго маань хэсэг амс хийх, тэгэнгээ биеэ цэнэглэх, бас өөр сайхан боломжийг хайх. Гэтэл энэ бас л миний зам биш гэдгийг өдөр ирэх тутам ойлгож эхлэв.
Яагаад? Японы ч юумуу, ер нь дэлхийн ч юмуу доктор профеэссорууд цаас хэвлүүлэхийг л эхэнд бодохоос, тэр цаас нь хэнд хэрэгтэйг бодохоо больжээ. Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас Хөнлөн бийр хөшилдүүлэхийн учир юун гэж Монголийн аугаа бичгийн хүн хэлсэн байдаг. Тэгвэл хүмүүний амьдралд нөлөөлж үл чадах бол Судалгаа хийж мөнгө үрэхийн хэрэг юунд вэ? Хэзээ ч, хэн ч иш татаж хэрэглэхгүй онолыг хий дэмий батлах гэж цагаа үрэх утга байна уу?
Энэ удаад ч бас Япон Улсад Магистрийн зэрэг хамгаалах утгагүй зүйл мэт санагдах боллоо.
Ингээд би эргээд байрандаа ирлээ. Би кодер. Би араас давалгаа шиг түрж яваа залуусыг бодвол харьцангуй хөгшин, бас хэзээ ч уулзаж байгаагүй интернэтээр л танилцсан багш нарыгаа бодвол харьцангуй залуу кодер. Гэхдээ ямар л байсан би эргээд кодер байхаар шийдлээ.
Би чадна. Гэхдээ би зарим юмыг чадахгүй. Хорин хүнд найз байж чадахуу гэвэл чаднаа, хоёрхон хүүхэддээ олдохгүй байж харин мэднэ, аавыгаа уучил.
Өөрийгөө доктор ч юмуу магистр биш гэдгийг ойлгож авлаа. Би одоо бүтээхийг л хүснэ, урьд есөн жилийн өмнө шийдсэнээрээ. Би амьдрахыг хүснэ, одоо эхлэж байгаа юм шиг…