Би яагаад бичихээ багасгасан бэ?
Сүүлийн үед би блог бичихээ нилээн багасгасан байгааг архив хараад ойлгож байгаа байх. Завгүй болсон нь үнэн л дээ, ажил, сургууль, ар гэр гээд шалтаг тоочиж болох ч, ер нь би ганцаараа ч биш юм байна аа, миний уншдаг байсан блогчид ихэнхи нь блог бичихээ багасгаад зарим бүр таг зогсоочихсон байгаа нь сонин. Нэг үе уул нь блог давалгаа энэ тэр гээд л дуу дуугаа авалцаад бүгд л бичиж эхэлсэн юм. Гэвч хүний бичих юм ер нь шавхагддаг ч юм уу, бичихээсээ уйддаг ч юм уу бүү мэд. Гэхдээ уйгагүй тогтмол бичдэг хүмүүс зөндөө байгаа, тэднээс бусдыг нь ярьж байгаам.
Нэгдүгээр шалтгааныг хүний уйдамхай зан, хоёрдугаарт бичих юм хосддогтой холбоотой байх. Миний хувьд блогоос уйдаагүй, тэгээд бичих юм зөндөө байгаад байвч сургуульд сурахын хажуугаар ажил төрөл амжуулах гээд зав болдоггүй. Гэхдээ гол шалтгаан өөр болохыг дараа тайлбарлах учир байна аа.
Энэ удаад Twitter гэж блог чат хоёрын дундуур зүйлийг блогоос уйдаад байгаа хүмүүст рекламдах нь зүйтэй болов уу гэж бодлоо. Би уул нь твиттер-ийг танил хүмүүстэйгээ холбоотой байхын тулд биш, rss ийн оронд хэрэглэдэг байсын(rornews, rails, rorjobs гэх мэт мэдээний суваг шахуу твиттерүүд байдаг). Тэгсэн саяхнаас монгол хүмүүс твиттер лүү нилээн орж байна. Блог бичихдээ залхуураад байдаг бол твиттерт угаасаа 140 тэмдэгт л бичих учраас амар. Товчхон бичих учиртай. За тэгээд хүмүүсийг ажиглаж байхад яг л чат шиг ашиглах гээд байх юм аа. Гол зориулалт нь бол "p2p" хэрэгсэл биш юм байгаан. "What are you doing?"-гэсэн асуултад л хариулаад бичээд байна. Найзууд тань танийг хаана юу хийгээд явааг мэднэ гэсэн үг л дээ. Гар утсан дээрээсээ хэрэглэх боломжтой бол жинхэнэ утгаараа гэжугаа. Компьютер дээрээсээ бол заавал вэбээр ороод байхын оронд widget, gadget, screenlet ч юмуу desklet-ийг нь суулгачихвал их амар.
За twitter-дээд жиргэлдээд байж дээ.