Хичээлийн шинэ жил
Миний хувьд ч гэсэн хичээлийн шинэ жил эхэллээ. Багш байсан бол оюутан болов. Гэхдээ шавь нартайгаа холбоотой ажиллана гэж бодож байна.
Япон халуун байв. Нарита дээр буугаад сургууль дээрээ чемоданаа чирсээр ирэхэд намайг зохицуулах хүн байсангүй тул хүлээнгээ сургуулийн хажуудах хоолны газар өл залгав. Үэно дээр шинкансэнд суух гэж баахан хайж будилсныг эс тооцвол ерөнхийдөө төлөвлөснөөр байсан юмсан. Уг нь би гэр бүлээрээ суух байр захиалсан ба, тэр нь сургуулийн кампусаас жаахан зайтай өөр газар байсан юм. Гэтэл одоо сууж байгаа хүн нь гарахгүй чирэгдүүлснээс намайг сургуулийн дотуур байранд 10 орчим хоног түр байрлаач ээ гэв. Дотуур байрны өрөөнд өмнө нь байсан индонез ч гэнэ үү айл жоом үржүүлдэг байсан бололтой. Баахан хор энд тэндгүй тавиулаа, бас ч гүй хэдийг түс тас хийлгэв.
Сургуулийн дугуйг зээлдэж аваад үдээс хойш ойрхон дэлгүүр орж нөмөрч унтах хөнжил гудас, даавуу шуувуу авлаа. Маргааш нь нутгийн 2 эгчийг дагаж баахан дэлгүүр хоршоо заалгаж авав, тэнд тийм дэлгүүр байдаг, төдийд ирж тийм юм авбал хямд гэх мэтчилэн үнэтэй зөвлөгөө олныг сонслоо. Ойр зуур хэрэглэх тогоо шанаганаас авахуулаад юу мундахав, 100 еэны дэлгүүрээс л авлаа. Цаашаа хотын захиргаан дээр очиж оршин суугчийн үнэмлэх авахаар бүртгүүлэв. Эгч нар бас л туслав. Хүний нутагт эвтэй байх шиг сайхан юм хаа байхав. Энд удахгүй гурван JDS-ийн монгол оюутан ирэх сурагтай.