JICE JDS ийн тэтгэлэгт хөтөлбөр ба хувийн компани

Японы Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр жил бүр 20 орчим монгол залуу Япон улс руу явж мастер доктороор сурдаг. Монгол Улсын хүний нөөцийг хөгжүүлэх зорилготой Япон Улсаас үзүүлж буй маш хэрэгтэй тусламж гэж боддог.

Энэ хөтөлбөрт хамрагдах хүсэл сонирхолтой залуус жил ирэх тутам нэмэгдэж байна. Хоёр удаа шалгалтанд нь ороод унасан хүний хувьд туршлагаасаа хуваалцахаар шийдлээ. Ингээд би хувийн компанид ажилладаг, математикын мэргэжлээр МУИС МКС-ийг төгсөөд одоог хүртэл програм хангамжийн чиглэлээр 3-дахь компанидаа(MCS -> Mobicom -> USI) шилжин байгаа гэдгээ хэлье.

2005, 2007 онуудад өрсөлдөөд 2-ууланд нь тэнцээгүй. Тэнцээгүй байж ямар туршлагаа хуваалцдагийн гэж хэлэх хүн байж болох, гэхдээ ямар ч байсан Японы нэр хүндтэй сургуульд сурахаар болсон юм.

Ерөнхийдөө элсэлт бол хагас жил орчим үргэлжлэх хэд хэдэн даваатай процесс. Даваа болгон дээр хүмүүс цөөрсөөр эцсийн шалгаруулалт гэхэд яг явах хүмүүс үлдэнэ.

Нэгийн даваа

Мэдээж та юун түрүүнд бүх шаардлагауудыг нь хангасан байх ёстой. Тийм бол веб сайт дээрээс бүх шаардлагатай форм, аппликэшнүүдийг нь татаж аваад бөглөнө. Сургууль болон ажилладаг газраасаа тодорхойлолт хийлгэж авна. Сургуулиасаа тодорхойлолт авахдаа аль болох том албан тушаалтай, доктор, профессор хүнээр гаргуулж аваарай. Миний хувьд эхнийхэд нь диплом удирдсан багшаараа, дараагийн удаад деканаараа тодорхойлолт гаргуулсан. Аль аль нь доктор профессор л доо. Энэ даваанд тунаж үлдэхийн тулд хамгийн гол нь эссэ. Яагаад японд сурах болсон, юу сурах, сурсан дараагаа юу хийх, тэр хийх юм чинь ямар ашигтай, ямар зорилготой гэх мэт зүйлсийг тодорхой тусгах хэрэгтэй. Бас ер нь аль ч шатанд харгалзаж үздэг зүйл бол мэдээж цаад байгууллага. Чи улсын байгууллага, сургууль, том банк зэрэгт ажилладаг бол давуу тал гэж үзээрэй.

Хоёрын даваа

Хэлний шалгалт өгнө. Миний хувьд англи хэлээр өгч байсан. TOEFL ийн 500 оноо орчмын шалгалт гэжугаа. Та урьд нь TOEFL өгөөд сертификатыг нь авчихсан байсан ч өгнө. Гэхдээ урьд нь өгч байсан хүн айлтгүй давна гэж бодож байна. Учир нь миний хувьд урьд нь өгч байгаагүй, өмнө нь 7 хоног орчим ажлын хажуугаар дүрэм жаахан харж сонсгол хийж байгаад ороход тэнцсэн. Тэнцсэн ч танд сертификат энэ тэр өгөхгүй, ийм тийм оноо авлаа ч гэж хэлэхгүй. Тэнцсэн, эсвэл тэнцээгүй л гэж хэлнэ.

Гурвын даваа

Профессортой хийх ярилцлага. Чиний сонгосон сургуулиас чинь профессор ирж ярилцлага хийнэ. Намайг ярилцлагад орж байхад эхнийхэд нь Palace зочид буудалд, дараань Kempinski зочид буудалд болж байсан. Профессортойгоо англи хэлээр ярилцана, өөрөөс чинь хэд хэдэн асуулт асуух байх. Асуултуудад тайван, итгэлтэй, үнэн хариулах хэрэгтэй. Зарим зүйлийг шаардлагатай гэж үзвэл асуугаагүй ч гэсэн нэмж ярьж болно. Профессор мэдээж өөрийн чинь эссэ дээр бичсэн зүйлтэй холбоотой юм асууж магадгүй. Гэхдээ бичсэн юмаа хэт их гүнзгийрүүлж нуршаад хэрэггүй биз. Эхний ярилцлага дээр надаас ямар газруудад ажиллаж байсан, сургууль төгсөхдөө диплом хамгаалсан сэдвийн тухай сонирхож асууж байсан. Гэхдээ профессор маань математикийн хүн биш байсан учраас олигтой яриа өрнөөгүй. Дараагийн удаа ярилцлагад ороход хийж байсан ажлийн тухай нилээн асуусан учир нь тэр профессор мобайл, wireless зэргээр мэргэжсэн байсан юм байна лээ. Эндээс дүгнэж хэлэхэд болж өгвөл ярилцлага хийж байгаа профессорын хөндсөн сэдвийн талаар мэдлэгтэй байж байвал ярилцлагад үнэлэгдэж чадах болно.

Дөрвийн даваа

Энэ бол сүүлийн даваа. Япон Монгол нийлсэн том том албан тушаалтай болов уу гэмээр 10 орчим хүмүүсээс бүрдэх комисстой ярилцлага хийнэ. Энэ даваанд тэнцсэн бол бараг ок л гэсэн үг гэхдээ, тэхдээ мэдээж хасаж мэднэ. Ямар шалгуураар хасдаг нь ерөнхийдөө ойлгогдсон. Хувийн компанид ажилладаг бол шалгарч үлдэх магадлал нь бага. Учир нь тэр комист сууж байгаа яамны хүн бол төрийн байгууллагын хүн л явуулахыг бодно. Шал утгагүй асуултаар унагах гэж оролдоно. Хаана ажилладаг, хаана ажиллаж байсан, төгсөж ирээд юу хийхэв гэсэн сэдвээр л ярилцах болов уу.

Дүгнэлт

2005 онд 3 ийн даваанд унасан. Профессортой боломжийн ярилцсан боловч тэнцээгүй. 2007 онд сүүлийн даваандаа унасан. Яамны албан тушаалтан намайг явуулснаас ямар нэг улсын байгууллагын хүнээ явуулсан нь дээр гэж бодсон байх. JDS ийн сайт дээр хувийн байгууллага төрийн байгууллага 2 -ийг ялгаж үзэхгүй гэсэн байдаг ч, бодит байдал дээр тэр нь хэрэгждэггүй. Үүнийгээ ойлгосон уу яасан, энэ жил JICE JDS -ийн тэтгэлэгт хөтөлбөр олон нийтэд нээлттэй зарлагдаагүй, зөвхөн төрийн байгууллагуудаас сонгон шалгаруулах юм гэсэн. Тэр нь ч дээр биз.

Соц нийгмийн үед юм болгоныг дээрээс хувиарладаг байсан. Жишээ нь амралтын почоонк(путёвка) -ийг дээрээс хуваарилаад, тэрийгээ байгууллага нь сайн ажилтандаа, эсвэл сайн биш ч удаан ажилласан хүндээ, эсвэл ажилтнаа өөр тийш алдахгүйн тулд шагнал байдлаар өгдөг байв. Шагналаар олдсон почоонкыг хүн тэгсхийгээд л өнгөрөөнө, хөлс хүчээрээ олж авсан бол утга учиртай өнгөрөөнө. Уг нь залууст их хэрэгтэй хөтөлбөр юм сан, почоонк л битгий болчихоосой.