Хаашаа зүтгэнэ вэ?
Би програм зохиодог. Ажил дээрээ 2 компьютер, гэртээ 1 компьютер хэрэглэдэг. Ажилдаа автобусаар, заримдаа таксигаар явна. Эхнэр, хүү, охинтойгоо ам бүл дөрвүүлээ. Манайх компьютерээс гадна хөргөгч, зураг, пилээтэгтэй. Тог цахилгаан, халуун хүйтэн усанд сар 30-50 төгрөг төлдөг. Бусдын л адил сайхан амьдралын төлөө өдрийн бор хоногтоо өөртөө зав өгөлгүй зүтгэдэг.
Хүрээлэн буй орчин маань сүүлийн хэдэн жилийн дотор өмнөх хэдэн зуун жилд байгаагүйгээр өөрчлөгдөж тэрэнд нь хүмүүн төрөлхтөн голлох үүрэг гүйцэтгэж байнаа гэж их ярьж байна. Энэ янзаараа цааш үргэлжлэх юм бол бидний үр хүүхэд гол мөрөн гэж юу байдгийг ч мэдэхгүй болж магадгүй гэдэг нь ортой.
Тэгвэл бид яах ёстой гэж? Хөгжил дэвшил л энэ өөрчлөлтүүдийг авчирч байна шүү дээ, эргээд бид хүй нэгдлийн үе рүүгээ буцах юм уу гэх хүн олон байдаг. Надад заримдаа хөдөө очоод уулын нэг аманд байшин бариад амьдрахад юу нь болохгүй байхав гэж боддог үе бий. Санаа амар, эрүүл саруул, бодож санах юмгүй шүү дээ. Даан ч, хэрэв хүн болгон дуртай газраа очоод орон гэр бариад амьдрах юм бол түлээ түлшнийх нь хэрэгцээг ой мод нь хангаж дийлэхгүй, ан амьтан ч улам цөөрөх биз. Тэгэхээр энэ шийдэл нэг л биш байна. Иймд нэгэнт ирчихсэн байгаа энэ хөгжлийн замаасаа ухрах боломжгүй гэдэг нь үнээн.
Харин түүний оронд өөрөөр амьдарцгаая. Тухайлбал түлш бага зарцуулдаг машин унааг эрхэмлэх, тог цахилгаан бага хэрэглэдэг гэр ахуйн хэрэглэлийг үйлдвэрлэх, бүр цаашилбал сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр ихэнх хэрэглээгээ хангадаг болох гэх мэт. Байгаль орчинд яавал хор хохирол багатай вэ гэдгийг сайтар тунгаагаад, түүнийгээ аж амьдралдаа мөрдөцгөөе гэсэн зарчмаар амьдардаг хүмүүс дэлхий дээр олон болжээ.
Би өөрийн мэргэжил дээрээ зарим жишээг дурьдах гэж байна.
Компьютер дээр суулгах үйлдлийн системээ сонгохдоо болон тохируулахдаа хүчин чадал аль болох бага шаарддаг байлгах нь зөв. Хурд хүч шаардсан виста мэтийн үйлдлийн систем бол орчинд хортой. Саяхны тооцоогоор дэлхий дээр байгаа компьютерүүдийн зарцуулж байгаа эрчим хүч нь нийлбэр дүнгээрээ санаанд багтамгүй их болон өсч байгааг харуулсан байсан.
Дээр үед(гэдэг нь хэдхэн жилийн өмнө) компьютерийн хурд хүч бага байхад санах ой болон тооцоолуурын үйлдлийг хэмнэсэн оновчтой програм зохиох нь зайлшгүй шаардлага байсан, харин одоо бол тэгэх шаардлагагүй болчихож, компьютер маань барагийн муухан бичсэн програмыг ажрахгүй ажиллуулаад байх хүчин чадалтай болж дээ гэж зарим хүн ярьдаг. Тэгж бодож байгаа бол та тааруухан програмчин гэдгээ харуулаад зогсохгүй, байгаль орчноо, ирээдүйгээ хайхрахгүй байна гэсэн үг.
Вэб дизайны хувьд жишээ нь, болж өгвөл бараан дэвсгэр өнгийг сонгох нь зөв байх. Учир нь компьютерийн дэлгэцнээс цацаргах энерги нь цайвар болон хурц тод өнгүүдээс бага боловуу. Тэгээд ч дэлгэцэнд гамтай(миний хувьд тэгж бодож хийсэн вэб даан ч байхгүй).
Дэлхий маань 5 тэрбум жилийг наслажээ. Цаашаа ч мөн тэр дайны насыг наслана гэлцдэг. Хүмүүн төрөлхтөн маань соёл иргэншлийг үүсгээд 5000 жил л өнгөрч байна. Бид цаашаа хэд наслах бол? Бид хаашаа зүтгэнэ вэ?