Нэр
Би бол Хөх маахай овогт Лхагвагийн Очирхуяг. Хөх маахай гэдэг овгийг аав маань сонгосон юм. Анчин хүн учраас маахай гэж нас бие гүйцсэн баавгайг хэлдэг энэ үгийг сонгосон нь учиртай. Уг нь нас бие гүйцсэн эр баавгайг шар маахай гэдэг юм гэсэн. Тэгээд хөх монгол гэдэг билэгдлээ бодож шарыг нь хөхөөр солиод одоо манай аавын хоёр эгчийн хүүхдүүд, бас бид бүгдээрээ хөх маахай овогтынхон. Намайг эхнэр хааяа маахай гэж өхөөрддөг юм. Би тэрэнд нь дуртай.
Миний өөрийн нэрийг анх аав маань намайг гарахаас өмнө Хончир гэж өгөхөөр сонгочихсон байсан гэдэг. Энэ нь дээр үеийн нэг баатрын нэр юм гэнэлээ. Тэгээд би ч гарч нэрээ ч авч. Тэгсэн уйлаад болохгүй болохоор нь ламд үзүүлсэнд нэр нь хүндчихэж гэж оношлоод, Очирхуяг гэдэг нэртэй болчихсон гэсэн. Тэгэхээр миний нэрийг лам багш өгсөн болж таарч байгаа юм. Тэгээд дүү нарыг маань Өлзийхуяг, Өлзий-Очир, Очирмаа гээд миний нэрнээс гаргаад авчихсан. Дахиж лам дээр очиж нэр сонгуулахгүй амар байсан биз нэг талаасаа.
Манай аав ээжийн нэрсийг хэн өгсөнийг бүү мэд лам өгсөн байж болзошгүй нэрнүүд л дээ ер нь. Аавын нэр бол их энгийн Лхагва гэж. Ээжийг Гоожидмаа гэдэг. Ээжийн нэр бол ховор байхаа. Ээжийг аав маань Гоожоо, эсвэл зүгээр л Жо гэдэг юм. Ээж аавыг Лха гэдэг. Өвөө эмээ нарыг Лувсандагва, Цэндсүрэн, Энэбиш, Бадамгарав гэдэг. Дараа би энэ хүмүүсийн тухай тусад нь бичих учраас нэрсийнх нь тухай азная. Нэг сонин нь манай эмээгийн эмэгтэй дүүг Бандидмаа гэдэг. Энэ нэр нь монголд ганц байдаг нэр гэсэн.
Эргээд өөрийн гэр бүл рүү орьё. Эхнэрийг минь Төхөм овогт Даваахүүгийн Идэрзаяа гэдэг. Төхөм гэдэг нь газрын нэр. Эхнэр маань гоё нэртэй гэж боддог. Тэр үед хүмүүс хүүхдүүддээ нэг хэвийн адилхан нэр өгдөгийг болиулах зорилгоор нэрний жагсаалт гаргаад шинэ төрсөн хүүхдүүдэд өгч байсан юм гэсэн. Тэгээд Төв Аймгийн Бүрэн сумын эмнэлэгт манай эхнэрийг төрөхөд нь л өгчихсөн нэр юм гэнэ лээ. Би болоод ойр дотныхон нь бүгд Заяа гэж дууддаг, найзууд нь Идэрээ гэдэг юм. Нээрээ эхнэрийг эх барьж авсан эмч нь надтай амидаа гэсэн. Намайг ойр дотныхон Очко, ажлынхан Очироо, зарим найзууд Очки ч гэж дуудаг. Би эхнийхэд нь дуртай.
Хүүг маань Эрхэс гэдэг. Энэ нэрийг өгнө гээд төрөхөөс нь өмнө л бодчихсон байсын. Ээж нь харин Чингүн гэдэг нэрийг сонгосон байсым. Намайг японд байх үед хүү маань төрж удалгүй мэйлээр төрөөд 7 хоногтой үеийнх нь зураг ирсэн юмдаг. Тэгэхэд яагаад ч юм, хөлийнх нь ул биеэндээ арай ахадсан том тэгээд их майга харагдаж билээ. Одоо хир нь ээж нь миний матига хөлтэй хүү гэж өхөөрддөг юм. Би тэр зургаа хараад бамбарууштай адилхан нь ч юм шиг санагдаад миний бамбаруу гэснээ тэр нь Бамбуу болоод одоо хүртэл Бамбуу гэж дууддаг. Харин өвөө эмээ нь(манай аав ээж) Ачуна гэдэг юм. Анхны ач нь болохоор тэр л дээ. Өвөө нь харин хүүд Аадар гэж нэр өгөх гэж дотроо битүүхэн горьдож байсан юм гэсэн. Учир нь хүүг төрөх үед бяцхан аадар орсон гэнэ лээ.
Охин маань Марал. Эхнэрийн бодож олсон нэр. Бас л уламжлалаа дагаад ахынх нь нэртэй уялдуулсан хэрэг. Марал гэж од шүү дээ. Ахиж хүүхэд гаргавал Мичид гэж нэр өгнө гэж ярьдаг юм. Охиноо бид 2 өхөөрдөөд Жөбөөк гэдэг. Учир нь хошуу нь багадаа жөмбийсөн хэлбэртэй байсын.
Нэрний тухай гэвэл ийм түүхтэй.