Өвөрмөц буудал
Дүү өвөө хоёртойгоо онгоцны буудлийн урсдаг шатаар дээш гарч явах юм. Өвөө маань япон орох ажилтай, харин бид хоёр яагаад ч юм өвөөг дагаад явж байна. Тэр онгоцны буудал миний бага насаа өнгөрөөсөн хөдөөний жижиг тосгонд саявтархан баригдсан бололтой. Баригдах баригдахдаа манай өвөөгийн хуучин хашааны ойролцоохон баригджээ. Онгоцны буудал маш том бөгөөд онгоцнууд тал талаас нь зогсоо зайгүй ирж бууна, ниснэ. Онгоц буудаг зурвасууд буудлыг тойроод өч төчнөөнөөрөө байрлахдаа лав л 2-оос 3 давхар тавцангууд дээр давхарлан байрлах аж. Би лав одоо хүртэл ийм онгоцны буудал байдаг тухай сонсож байсангүй.
Ингээд бид очих ёстой хаалган дээрээ ирлээ. Бидний онгоц ч ирж явна гэнэ, суух цаг боллоо. Тэгтэл тэр онгоц буудал дээр буухгүй, буудлын яг дээгүүр өнгөрөх үед биднийг доороос нь том тавцан дээрээс дээш харваж орхих юм гэнэ ээ! Нээрээ л бидний жижиг гэрийн буурьний хэмжээтэй задгай тавцан дээр аваачиж зогсоов. Мэдээж хэрэг гайхаж сандарсан гэж жигтэйхэн, - Энэ чинь юу болж байнаа, бид яаж тэр онгоцонд чинь… гээд асууж эхэлтэл, -Зүгээр ээ, та нарыг онгоцонд ойртонгууд цаанаас нь сороод авчихдаг юм гэв. За тэгээд, өнөөх тавцан чинь дээшээ асар хурдтай хөдөлж, бид хэдийг дээш нь харваж орхив оо.
Дээшээ хөөрч явтал ашгүй онгоцны гэрэл харагдаж эхэллээ, Гэвч харамсалтай юм болж онгоц хэт өндөр дээгүүр ниссэн үү, эсвэл биднийг арай сулхан харвачихсан уу, бид онгоцонд сорогдтолоо ойртож очиж чадаагүй байтал буцаад доошоо унаж эхэллээ шүү! Онгоцны буудал тодроод газарт юу юугүй унах нээ. Ашгүй өвөө хаанаас ч юм том брзент гаргаж ирээд бид гурав тал талаас барьж дэлгэн шүхэр хэлбэртэй болгов. Бид зөөлөн газардлаа. Өвөөгийн өвсний хашаанд буусан байх юм. Өвөө маань, -Ямар хариуцлагагүй нөхдүүд вэ? Хоцроох нь байна шүү!, одоохон гурвуулаа буцаж очоод өөр онгоцонд сууъя гэв.