Мэргэжлийн тухай

The world is divided into people who do things, and people who get credit. Try, if you can, to belong to the first class, there is far less competition.
—Dwight Morrow

Хүмүүсийг хоёр ангилж болно; Эхний бүлгийнхэн нь хийж бүтээгчид, Нөгөө бүлгийнхэн нь тэрнээс хувь хүртэгчид. Харин чи болж өгвөл эхний бүлэгт багтах хэрэгтэй, учир нь тэнд хамаагүй өрсөлдөөн бага.

Тухайлбал тогооч, оёдолчин, тариачин, барилгачин, зохиолч бас програм хангамжийн инженер(миний мэргэжил) гэх мэт хүмүүс эхний бүлгийнх юм. Тэд бүтээдэг, босгодог, хийдэг. Нөгөө бүлгийнхэнд нь нягтлан, шүүгч, прокурор, дарга, наймаачин бас УИХ-ын гишүүн зэрэг хүмүүс орох байх. Бодоод үзвэл яг л тийм. УИХ-д нэр дэвшигчид яаж өрсөлддөг билээ дээ, Шүүгч болох гэж ямар их хахууль өгдөг гэлээ дээ, наймаачид бараагаа зарах гэж яаж рекламддаг гээ. Тэд бүтээдэггүй, бусдын бүтээснийг хүртэх учраас тэгж байгаам. Харин бүтээгчидэд тэгээд байх шаардлага угаас байхгүй. Сайн тогооч хаа ч ажилтай, сайн програм зохиогч хэзээ ч гудамжинд гарахгүй. Нэгдүгээр бүлгийнхэн нийгэмд байнгын эрэлт хэрэгцээтэй. Зарим хөгшчүүл "Нэг юм хийхгүй л бол байж сууж чадахгүй юм" -гээд ярьж байдаг даа, төрөлхийн нэгдүгээр бүлгийн, насаараа тэр амьдралаараа явчихсан учраас тэр. Зарим залуус сурж сурж, бас дахин сурахдаа улс, эх эцгийнхээ мөнгөөр гадаад дотоодод тансаглаад л, сурахдаа хоёрдугаар бүлгийн мэргэжил эзэмшээд, эзэмшихдээ тал дундуур эзэмшээд, цаашаа ажил дээр гараад бас л юу ч бүтээхгүй бусдын бүтээснээс хүртэж явах юм.

Зарим хүмүүс хоёр дахь бүлэгт хэд хэдэн дүрээр оролцож байхад, зарим нь нэг дэх бүлэгт хэд хэдэн дүрээр оролцоно, гэтэл зарим хүмүүс аль аль бүлэгт нь хамаардаг байхын.

Жишээ нь; бөх парламентч, хуульч эдийн засагч, инженер наймаачин, эмч програм зохиогч, тогооч барилгачин гэх мэт байж болох бүх л хослол, гурвалууд бий. Бөх барилдах бол үнэндээ юу ч бүтээхгүй, өөрийгөө баясгана, түмнийг бас баясгана гээд байгаа. Парламентчин бол угаасаа ойлгомжтой. Ингэж хослуулагчид бол супер 2-р бүлгийн хүн болж таарна. Хуульч эдийн засагч бас л тийм, хүмүүсийн бүтээснээс хүртэгч. Инженер наймаачин бол аль аль бүлэгт орчихож байна. Инженер бол 1-р бүлгийнх, гэтэл яагаад 2-р бүлэг рүү орох болов гэхээр янз янзын л шалтаг бий байх.

Би бол нэгдүгээр бүлэгт хамаарна, бас бусад нэгдүгээр бүлгийн хүмүүст дуртай. Бүх хоёрдугаар бүлгийнхэнд дургүй биш л дээ, зүгээр л дуртай биш юм. Тэд нийгэмд зайлшгүй байх ёстой, хүлээсэн үүрэг ч бий. Гагцхүү үүргээ ухамсарлаад, жаахан хүн чанартай байвал л болоо! Бусдыг нь нэгдүгээр бүлгийнхэн хийчихнэ.