Орох орон

Сар хүрэхгүй хугацааны дараа орох оронгүй, оочих аягагүй болох гээд байгаа учраас байрны талаар баахан бодлого бодов. Ингээд зарим хүнд хэрэг болж магад, зарим нь надад тус болж магад гээд фактуудаа дэлгэе(нээх нууц юм олоод мэдчихсэн юм шиг).

Одоо сууж байгаа байр маань хөлснийх юм, (жилийн өмнө би хөлсний байр яаж олох тухай өөрийн туршлагаас бичиж байсан билээ) тэгээд хугацаа нь дөхчихөөд дараагийн хөлсний байраа хайх боллоо л доо. Энэ удаа харин хүмүүсийн санал ч нөлөөлөөд, тэгээд ч ер нь дандаа хүнд мөнгө өгөөд байр хөлслөөд байхаас дургүй хүрээд, бас хамгийн гол нь жил болгон нүүж байхаас яс хавталзаад, банкны зээлээр байртай болохоор шийдсэн нь энэ.

Тэгээд ер нь зурагтаар ч цалингаараа амьдрах боллоо, Монголчуудаа энэ тэр гээд яриад байснаас бодсон ч тэр, хүмүүс банкны зээл аваад болоод байгаа тухай сонссон ч тэр, одоо миний ээлж болсон гэдэг нь мэдрэмж төрөөд байсан юм.

За ингээд юун түрүүн мэдээлэл цуглуулах хэрэгтэй, аль банк хурдан шуурхай, бага хүүтэй зээл өгдөг, ямар процедуруудаар дамждаг энэ тэр гээд л…

Ингээд банкнуудын вэб сайтаар ороод орон сууцны зээл гэсэн хэсгүүдийг нь шүүж гарваа. Зээлийн хүүгийн доод хэмжээ нь ХХБанкных 1.4, тэгээд л бусад нь тэрнээс дээш байдаг юм байна. Зарим нь бүр байрныхаа үнийн 50% ийг өөрөө төлөх чадвартай байх ёстой ч гэх шиг, мөнгөгүй болоод л зээл авах гэж байгааг мэддэггүй юм байхдаа?

За ингээд сураглаад яваад байсан чинь нэг л бишээ, хүү нь арай л их. Өө тэгтэл Азийн Хөгжлийн банкний зээл, Банкнуудын өөрсдийн зээл гэж хоёр ондоо зээл байгаа юм байна. Зоос банк, Худалдаа Хөгжил, Шуудан банк гурав дээр очиж лавлаж байж овоо ойлгож авав. Банкнуудын өөрсдийнх нь орон сууцны зээлүүдээс ХХБ хамгийн бага хүүтэй - сарын 1.4 хувь. Банкуудын өөрсдийн зээл 100 сая хүртэл өгнө гэдгээр АХБ зээлээс давуу. Бас арай хурдан олгогддог гэж байгаа. Гэвч сард өгөх мөнгө нь арай л амьдралгүй гарч байна. Жишээлбэл, 20 саяыг 7 жилийн хугацаатай авахад сард төлөх мөнгө нь 520 мянган төгрөг.

Харин АХБ зээл бол сард 1.1 хувь, гэхдээ 15 сая төгрөгөөс дээш өгөхгүй гэж байгаа. 15 саяыг 7 жилээр зээлэх юм бол сард 350 мянгийг төлнөө гэж. За ингээд шийдлээ, АХБ зээл авахаар. Гэтэл эхлээд байраа олчихоод зээлээ ав гэдийн байна. Байр зарах гэж байгаа хүн намайг хүлээгээд байж байх магадлал маш бага гэдэг нь ойлгомжтой. Хэдий надтай тохирсон ч байсан бэлэн мөнгөтэй хүн гараад ирвэл… Ингээд нэг л сонин болоод ирж байгаа юм. За яахав, надад сайн хүн таараад, эсвэл зах зээлийн ханшнаас жаахан дээгүүр авахаар болвол хүлээх магадлал бий.

Үнэтэй дуугарч байгаа байр бол ерөнхийдөө зээл хүлээдэг гэж байгаа. Хямд байр бол хүлээхгүй, тэр хүнд мөнгө хэрэгтэй. Хямд байрыг байрны ченжүүд зар гармагц очоод бэлэн мөнгийг нь тоолж өгөөд л авчихна, тэгээд эргүүлээд хэдэн саяыг нэмээд зардаг юмуу даа.

Ингэснээс байрны үнэ ер нь ямархуу байна? Яг өнөөдөр буюу 2007 оны 7 сарын байдлаар 2 өрөө байр 19 -р хороололд 30 саяаас дээш, сансар хавицаа 28 сая орчим, хороололд мөн 30 сая орчим байна. Нэг өрөө байр 19 -р хороололд 26 саяас дээш, за тэгээд ер нь төв хавиараа 25 сая орчимтой, цаашид өсөх шинжтэй.

Хэн байрны үнэ өсгөөд байна? Ченжүүд. Тэд хямд буюу зах зээлийн үнээр байр аваад заавал нэмж зардаг байна. Бусад хүмүүс дуурайгаад бас зарах байраа үнэтэй дуугарна. Иймэрхүү замаар байрны үнэ тогтмол нэмэгдсээр нэг жилийн өмнөхөөс дор хаяж 5 саяаар нэмэгдээд байна. Дээр нь бас өнөө лайтай хадгаламж зээлийн хоршооныхноос болоод хүмүүс бэлэн мөнгөөрөө байр худалдаж авах болсноор энэ жил байрны үнэ бүр ч их хөөрөгдөлд орж байна гэх.

За байрнууд тэгсхийгээд байцгааж байг, эргээд АХБ руугаа ороё. Байрныхаа үнийн 25 аас доошгүй хувийг өөрөө төлөх чадалтай бол "үлдсэн" 15 сая хүртлэхийг АХБ зээлэх юм. Тухайн үед 15 сая хангалттай байсан бололтой. Одоо бол байрны үнэ 2 жилийн өмнөхөөс лав 1.5 дахин нэмэгдчихээд байна. Миний хувьд бол 10 сая төгрөгийг хадмуудаас зээлэхээр болсон, дээр нь зээлийн 15 нэмэхээр 25 саяаар нэг сарын дотор байр олохдоо сэтгэл ханамжийг максимумчлах бодлого тулгарч байна. Дээр нь хязгаарлалтын нөхцөлүүд тавигдана, тухайлбал 2 өрөө байр авья гэвэл хотын зах руугаа сонгох ёстой. Төв рүү бол нэг өрөө ч авч дийлэхгүй.

За ингээд сонингийн зар ч шүүрдлээ, хуучин туршлагаараа орцнуудын үүдэнд ч зар наалаа. Миний байр авчих сонирхолтой байсан 19 р хороололд бол нэг өрөө ч авах найдваргүй боллоо. 2 өрөө 30 саяд гэсэн сураг сонсогдохоор нь чадахгүй юм байж бас юмыг яаж мэдэхэв гээд очтол аль хэдийн зарагдчиж. Ер нь зар дээр гарсан арай боломжийн гэсэн байрууд руу утасдлаа, хурдан зарагдаж байна шүү, өрсчихөөд байна. Ченжүүд л биз, тэгээд үнэтэй байрууд нь мэдээж зарагдахгүй, гэхдээ үнээ буулгахгүй. Ченжүүдийн арга нь ердөө тэр, хямд байрыг уралдаж очиж аваад өсгөөд тавичихдаг. Өнөө үнэтэй байруудын ихэнхийг нь гадаадаас орж ирсэн мөнгөө хадгалах маягаар авдаг бололтой.

Нэг үгээр хэлэхэд үгээ хэлээд байж байна. Гэхдээ бууж өгөхгүй, бүрдүүлэх шаардлагатай материалуудыг цуглуулах явцдаа цаашдийн үйл явцыг ч бичих болно. Дараа хэн нэгэнд тус болж л таараа. Та ч гэсэн хэрэг болох санаа оноо байвал бичээд үлдээнэ биз, баярлах болно шүү.