Хулхи зар
Өнөөдөр шинэ зар гардаг өдөр. Эхнэр өглөө шинэ зар худалдаж аваад нэг боломжийн зүйл дуулгаадхав.
Цэцэг зочид буудлын ард шинээр баригдаж байгаа байр захиалга авч байгаа гэнээ. 2 өрөө нь 45-50 метр кв, 25-26 сая орчим. Хамгийн гол нь банкны зээлээр өгнө, өгөх өгөхдөө өөрсдөө хамруулж өгнө гэсэн санж. Харин сонирхолтой нь Худалдаа Хөгжлийн Банкны сарын 1.1 хувийн хүүтэй зээлд хамруулж өгөх юм гэнэ. Гэтэл би хоёр хоногын өмнө ХХБ дээр очоод тэднийх АХБ зээл олгодоггүй бөгөөд тэдний өөрсдийн орон сууцны зээлийн хүү нь 1.4 гэдгийг тэмдэглэж авсан билээ.
За яахав, барилгын компани банк хоёрын хооронд тохироо байж болох л юм. Очоод үздэг хэрэг ээ. Зар дээр байсан утсаар нь эхнэрийг ярихад 3 цагаас ажил дээрээ очно, тэр үед утасдаарай гэсэн гэнэ. Тэгсэн утсаа тасалчихаж, ер ярьж чадсангүй. Арга ядаад ажил дээр нь очиж үзэхээр шийдээд “Их өвөр” гэдэг компаний барьж байгаа барилгыг Цэцэг зочинд буудлын тэр хавиар зөндөө л хайлаа, байдаггүй шүү. Тэр орчим гурван ч барилга баригдаж байгаа боловч, аль нь ч “Их өвөрийнх” биш байлаа.
Энэ аягүй бол ядарсан нэгнийгээ банкны зээлд хамруулж байртай болгоно гэж молиго үмхүүлээд хэдэн төгрөгийг нь авч “их өвөртөө” хийдэг этгээд ч байж магадгүй, гэхдээ маргааш утасдаж үзнэ ээ, юмыг яаж мэдхэв.