Тархины даралт

Жаахан хүүхдэд л тархины даралт байдаг гэж санадаг байсан чинь уржигдар намайг тархины даралттай байна гэж байхийм.

Манай охин одоо ой долоон сартай. Тоглож байгаад хана мөргөөд их эвгүй уначихаар нь ойролцоо байдаг бариачид очсон юм. Ер нь хүүхдийн толгой доргисон бол бариулж байхад илүүдэхгүй, мэдэгдэхгүй явж байгаад том болоод элдэв гажиг илэрдэг гэж хамаатныхаа олон хүүхэд өсгөсөн эмээгээс сонссон юм.

Ингээд салхинд гарангаа бариачийнд очихоор болов. Өмнөх өдөр нь сагс тоглож байгаад толгойгоо жаахан доргиосоноос болсон уу, "ядаргаа" юу бүү мэд, толгой өвдөөд байсан болохоор өөрөө эхлээд бариулаваа. Тэгсэн миний тархийг ер нь хөдлөөд удсан байна, тархиний даралттай юм байна гээд, 3-4 удаа утсаар хэмжиж байгаад барив. Пирацетам уугаарай гэж байна бас. Энэ эмийг хүүхдийн тархиний даралтад өгдөгийг мэднэ л дээ, тэгсэн том хүний доз гэж бас байдаг гэнээ. Охин ч яахав жаахан хөдөлсөн байна. Нэг бариад л "оруулчихав".

Манай охин бол жаахан хүндрэлтэй дутуу төрсөн болоод тэр үү, бага зэрэг тархины даралттай л гэдэгийн, гэхдээ сүүлийн үед гайгүй болчихсон. Харин би яахаараа тархины даралттай байдаг билээ? Жаахан бодвол тийм байж ч бас магадгүй юм байна аа.

Намайг төрөхөд зулайнаас соруулж татаж гаргасан гэсэн, тэрнээс болоод миний толгой ерөнхийдөө зулайгаараа жаахан оовон болчихсон гэдгийн. За тэгээд бага байхад байнга л толгой өвддөг байлаа, өвөө эмээгийн хүүхэд байсан болохоор жаахан л цайнаасаа холдвол толгой өвдчихнө. Бодоод байхад үнэхээр тогтмол толгой өвддөг байж шүү. Эм уугаад л хэвтээд өгдөг байлаа, заримдаа уйлмаар өвддөг байсан учраас сайн санаж байна. Дунд ангиас хойш тэгж их өвдөхөө больчихсон санагдаж байна. Байнга суугаа, компьютер ширтсэнээс болж сүүлийн үед тархины даралт сэдрээд гараад ирсэн байж болох л юм.

Тоохгүй, анхаарахгүй яваад байвал нээх удалгүй харваж мэднэ гэж байна лээ шүү. Гээд бодсон чинь сүүлийн үед нэг бус удаа унтаж байгаад дотор давчдаж сэрсэн санагдлаа. За ер нь болохоо байж байгаа юм байна, спортоор хичээллэе, пирацетамыг нэг курс уучихья, эртхэн анхаарвал амархан эмчлэгдэнэ гэсэн. Охиноо сайн агаарт гаргаж байя. Хүүхдийн тархины даралтыг сайн агаарт гаргаад байвал эмчлэгдэнэ гээд байгаа. Гэтэл би чинь багадаа хөдөө ссөн хүн шүү дээ, агаарт байсан мөртлөө яагаад тархины даралттай байгаад байна? Сонин л юм.