Бид ялав

Би энэ бичлэгийг хэн нэгэн над шиг хүнд тус болж юуны магад гээд бичиж байна. Одоо манай хүү 2 нас 8 сартай. Яагаад ч юм багаасаа ларэнгит гэж хоолой боогдуулдаг өвчинтэй юм. Ханиад жаахан хүндрэх, хүйтэн юм уух зэрэг нөлөөнөөс болж сэдэрдэг ба, шөнө 3-4 цагийн хооронд хоолой боогдож бараг амьсгал авч чадахгүй болно. Түргэн арга хэмжээ авахгүй бол амьсгал боогдож ухаан алдах, үхэх ч аюултай. Өнөөг хүртэл хугацаанд энэ өвчнөөс болж 2 ч удаа түргэн дуудаж, улмаар эмнэлэгт хэвтсэн билээ. Иргэний үнэмлэх хөдөөнийх болохоор Эх нялхаст л очно. Нөхцөл маш муу, бохир, нэг өрөөнд олон хүүхэд оруулна. Очоод баахан тариагаар бөмбөгдүүлнэ. Тэгээд л гайгүй болчихдог байлаа. Гэтэл саяхан бас өвчин нь сэдэрч хоолой нь боох гээд нэг эмч гуйж үзүүлтэл ханиад нь гайгүй, хоолой нь ч өвдөөгүй хирнэ ларэнгит нь хөдлөчихсөн байна, шингэн юм ойр ойрхон өгөөд гэрээ чийгтэй байлга гэжээ. Ингээд өрөөндөө шороотой төмс буцалгаж уур гаргаад хүүгээ хажууд нь байлгаад байлаа. Ээж нь дэлгүүрээр хайж явж ууршуулагч авчирлаа. Шөнөжин нөгөөхийг залгаж хоноод өглөө нь хүү маань зүгээр босч ирсэн юм даа. Тэгэхээр ларенгит хэт хуурайшлаас л болж хөдлөөд байсан байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Одоо аргаа олсон, ахиж эмнэлэг явахгүй. Бид ялав.