Нээлттэй мэдээлэл ба итгэл

Болоог, Википэпиа гээд төрөл бүрийн нээлттэй мэдээллийн эх үүсвэрүүд бий болж байгаа ч, эдгээр нээлттэй, хэн ч бичиж нийтлэж болох мэдээлэлд баттай итгэж болох уу, үгүй юу гэсэн асуудал зайлшгүй гарна. Ер нь болоог дээр байгаа мэдээллийг хүн уншсан ч болно, уншаагүй ч болно, итгэх эсэх ч хувь хүний л шийдэх асуудал боловч энэхүү чөлөөт хэрэгслийн хүчтэй давалгаан дундаас зарим нь тодрон гарч уншигчдийнх нь тоо ч хурдацтай өсч байна. Болоогуудаас түүвэрлэн тоймлодог нэгдсэн портал сайтууд бий болж байгаа нь сайн хэрэг боловч зөв зохион байгуулалт хийж чадахгүй бол мөн л нэгэн төрлийн атганд орж нээлттэй мөн чанараа алдах аюултай. Ингээд бодохоор тухайн мэдээллийн үнэн зөв байдлыг хэн хариуцах вэ? Нээлттэй чөлөөт хирнээ барьцтай мэдээллийн талбарыг хэрхэн бий болгох вэ? гэсэн асуудлууд гарч ирнэ. Сүүлийн үед асар том нээлттэй мэдээллийн лавлах болох Википэдиагийн талаар нилээд ярих боллоо. Тухайлбал зарим улс төр, бизнэсийн талууд өөрсдийг сурталчилж, мэдээллийг ашиг сонирхолдоо нийцүүлэн засч өөрчилдөг байсан нь тогтоогдсон. Мөн оюутнууд хичээлдээ википедиагаас хэт их авч ашиглах болсон нь зарим талаар бүрэн бус, андуу ташаа баримтан дээр тулгуурласан дүгнэлтэд хүргэж байгааг анхааруулсан байна. Ер нь мэдээллийн аль нэг эх үүсвэрийг хэт шүтэх нь хэмжээгүй эрх хүчин чадалтай болгож сөрөг нөлөө дагуулах вий гэдгийг хаа хаанаа бодох хэрэгтэй.