Бүүвэй бүүвэй

Миний анхны сонссон дуу, магадгүй бүүвэйн дуу. Одоо яг санахгүй ч гэлээ.

Цэцэрлэгт яваагүй зожиг хүүхэд байсан болохоор маамуу наашир лав анхны дуулсан дуу биш. Бага байхад раажав зурагтаар явдаг дуунуудыг л сонсдог байв. Бас хааяа өвөө эмээгийнхээ дуулахыг сонсоно. Өвөө маань баян хуураа орныхоо хөндийгөөс гаргаж ирээд дарж эхлэхэд эмээ маань аяндаа аман дотроо аялаад эхэлдэгсэн.

Сургуульд ороод дуу хөгжмийн хичээл дээр заасан хэдэн дуу, тэгээд дээр нь энд тэндээс сонссон бас бусхан аялгуу, дууны тасархайгаар хөгжмийн боловсрол минь хязгаарлагдаж байлаа. Бага ангид байхад хэцүү газарт байсан аавд маань аваачиж сонсгох гэж ээжийн магнитофоноор касетэн дээр дүү бид нарыг дуулуулж байгаад бичсэн бичлэг саяхан болтол байсан санагдана.

Тэгээд гадаадын хамтлагаас Битлзийг сайн мэддэг байлаа. Аав ээж маань Битлзийн фэнүүд байсан болохоор бараг ихэнх пянз нь манайд байдаг байлаа л даа.

Тэр цаг үеийнхээ моодны хамтлагуудыг мэдэхгүй дээ. Миний хамтлаг дуучдын талаархи мэдлэг их нимгэн. Оюутан болоод хүнд хөгжим овоо сонирхож үсээ ургуулж хэсэг рокдов. Нирвана сонсож эхлээд трэшийн амтанд орсон. Бас баллад сонсох дуртай, гитар сонирхож овоо оролдсон. Шалихгүй л дээ.

Одоо бол хүнд хөгжим сонсохоо больжээ. Яагаад ч юм, насных ч юмуу, удаан хөгжим чихэнд наалдах болчиж. Жааз, блюз буюу манайхныхаар хөнгөн хөгжим сонсох дуртай болсон байхын. Бас хааяа сайхан уртын дуу, дээр үеийн өвөө эмээгийн үеийн сайхан дуунуудыг сонсмоор санагдана.

Хэдэн жилийн дараа ямар хөгжим чихэнд наалдах юм бол бүү мэд дээ, тэг тэгсээр, өтлөх явах цагт анх сонссон бүүвэйн дуугаа сонсохыг хүсэх ч юм билүү.

Магадгүй, миний хамгийн сүүлд сонсох дуу, одоо хэлж мэдэхгүй ч гэлээ, чихэндээ төсөөлөх бүүвэйн дуу…