Сайн яваарай

Зан сайтай айлд хүн цугладаг
Замаг ихтэй голд загас цугладаг

(Эмээдээ зориулав)

Эмээ минь хол явах гээд юмаа баадагнажээ. Ойр тойрны хүмүүс эмээг маань гаргаж өгөх гээд цуглачихсан байх юм. Хүүгээ ирэхийг Эмээ минь хүлээж байсан бололтой, явах цаг нь дөхсөнийг ч хэлэх үү, өнөө л бодсон санаснаа шууд хэлдгээрээ хэлэх захиасаа хэлж байна. Би гэж мангуу өнөө л хайхрамжгүй хэвээрээ эмээгийнхээ үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж эмээгээ гомдоочихлоо. Гэвч тэр даруйдаа ухаарсан нь аз, эмээ ч явах болж баадантай жаахан юмаа бариад гарлаа, энэ мөчид л эмээгээсээ өлгийтэй жаахнаасаа өнөөг хүртэл хийсэн гэмийнхээ төлөө анхны бөгөөд сүүлчийн удаа уучлал гуйж чанга тэврэв, эмээ маань уйлж байна, тэгснээ өнөө л амархан онгойдгоороо тэр дорхноо тайтгарчихав. Баадагнасан юмаа задалж эхэллээ, хүүдээ өгөх юмаа л олж ядна. Өмнө нь намайг удаж удаж хааяахан очиход бор авдраа уудлан төнгөчиж, хэдэн сарын өмнө хүн амьтны өгсөн хэд гурван чихэр жимсхэнийг, ааруул боорцогтойгоо хамт атгаж өгдөгсөн. Тэр атгахан юманд сайхан сэтгэл нь, хайр нь шингээтэй байдаг байсныг яагаад өмнө нь ухаарсангүйв, одоо ахиж хаанаас ч олдохгүй, алт шиг үгийг нь хэнээс сонсохгүй. Баадан дотроосоо аавын агнасан шилүүсний савар гаргаж ирэв, “Нандин юм шүү, далд газар хадгалаарай” гэж байна. Ахиад ирэхгүй явахдаа хүртэл хүүдээ өгөх юмаа олж ядсан хэвээр л… Очих газарт тань хэрэг болно гэж бодоод л баадагнаа биз, хэрэгтэй юмаа аваад яв даа эмээ минь. Хүү нь таниасаа ихийг авсаан, дэндүү ихийг авсан шд, даан ч дэндүү багыг өгч…

Ингээд би эмээгээ яаж явахыг харж чадсангүй сэрчихэв. Хүлээж хүлээж уулзаж чадаагүй хүүдээ ирж салах ёс хийгээд явж байгаа нь энэ байж дээ. Сайн яваарай миний эмээ, хүү нь алзахгүй ээ, таныхаа хүссэнээр сайн явах болно.

Гадаа тэнгэр бүүдгэр, бороо орно. Цээжин дотроос нэг л том юм таслаад авчихсан мэт уйтай.