Хэрхэн бага унтаж их эрч хүчтэй байх вэ?
Бага унтаж их эрч хүчтэй байхын тулд:
- Өдрийн цагт аль болох их нар үзэх
- Идэвхтэй, хөдөлгөөнтэй байх
хэрэгтэй байдаг юм байна. Учир нь бага унтаж биеээ сайн амраахын тулд чанартай унтах ёстой. Чанартай унтана гэдэг нь гүн нойрсолтод унтахыг хэлнэ.
Хүний тархиний долгион унтах үед намсаж ирдэг байна. Хичнээн бага долгионтой байна төдийчинээ сайн унтаж амрана гэсэн үг. Ингээд сэрэх үед тархины долгионы үелзэл хэвийн хэмжээндээ орж сэргэдэг байна. Хүний унтахаас авахуулаад сэрэх хүртэлхийг дараах 5-н үе шатуудад ангилдаг.
Унталтын үе шатууд
- Stage 1. Дөнгөж зүйрмэглэж эхлэх үе, лекцэн дээр яг нүд анилдах үеийн унталт.
- Stage 2. Дуг хийх үеийн унталт. Ингэж дуг хийсний дараа унтсан ч юм шиг үгүй ч юм шиг, унтаж байх хооронд болсон явдал болоод хүмүүсийн яриаг бүүр түүр санаад байдаг.
- Stage 3.
- Stage 4. Гурав ба Дөрөвдүгээр шатны унталт бол гүн унталт. Тархины долгионы үелзэл доод түвшиндээ хүрч маш тайван унтана.
- REM. (Red Eye Movement) Энэ шатанд унтаж байгаа хүний нүд эргэлдээд байдаг юм байна. Зүүдлэх үеийн унталт гэж болно. Тархины долгионы үелзэл бараг сэрүүн байгаа юм шиг болж ирнэ.
Хүн унтаад сэрэх хүртлээ эдгээр үе шатуудыг хэдэн удаа давтдаг байна. Зураг дээрээс харвал дараах зүйлсийг ажиглаж болно.
- Эхний цикл дээр гүн унталтын хугацаа хамгийн урт байна
- Дараа дараагийн циклүүд дээр REM унталтын хугацаа уртасч байхад гүн унталт богиносоод ирж байна
Хүн дунджаар нойрсолтынхоо дөрөвний нэгийг гүн унталтаар, дөрөвний нэгийг зүүдний унталтаар, хагасыг нь 1,2 -р түвшний унталтаар унтдаг юм байна. Иймд бага унтаж сайн амрахын тулд гүн унталтаар аль болох их унтаад бусад шатны унталтуудыг багасгах хэрэгтэй. REM унталтын үе бол амралт биш, харин тархин дотор ямар нэг зохион байгуулалт явагддаг гэж таамагладаг юм байна. Тухайлбал бага насны хүүхэд нойрныхоо 50% аас дээш хэсгийг REM байдлаар унтдагаар тайлбарлаж болно.
Нойрны хэмнэл
Хэзээ нойр хүрэх, хэзээ сэрэх нь хүний дотоод нойрны цагаар зохицуулагдаж байдаг бөгөөд тэр цагны зүү нь хүний биеийн халуун байдаг. Нойр хүрч унтах үед биеийн халуун буурч, сэрч идэвхтэй хөдөлж эхлэх үед халуун нэмэгддэг гэнэ. Биеийн халуун дээд цэгтээ байх үед эрч хүчтэй сэргэлэн байдаг байна, унтаж байх үед биеийн халуун буурна. Өөрийнхөө биологийн нойрны цагийг тодорхойлохын тулд халууны шилээр өдөрт хэд хэд биеийнхээ дулааныг хэмжээд харьцуулаад үзэх хэрэгтэй.
Дээрх зургаас харахул үд дундын үед биеийн халуун жаахан буурснаа эргээд дээшилдэг байна. Иймд өдрийн цайны цагаар бага зэрэг дуг хийгээд авах бол байгалиас заяасан дэглэм юм. Энэ хэмнэлийг Circadian rhythm гэдэг. Биеийн дулааны хэмнэлд нөлөөлдөг байгалийн гол 2 хүчин зүйл байна. Энэ бол эхэнд дурдсан нарны гэрэл, өдөр тутмын идэвхтэй хөдөлгөөн хоёр юм. Таны нүд болон арьсаар дамжих нарны гэрэл биологийн цаганд "өдөр болж байна" -гэсэн дохиог өгөх бөгөөд харанхуй болоход "шөнө болж байна" -гэж ойлгогдоно. Тэгэхээр байнга байшин саван дотор нар үзэхгүй суух нь биологийн цагаа төөрүүлж байгаа үйлдэл гэж үзэж болох нь. Идэвхтэй хөдөлгөөн болон дасгал нь хүний биеийн хэмийг өдрийн цагт өндөр байлгахад нөлөөлөх ба ингэснээр орой болох үед биеийн хэм эрчтэй доошилж нойрны хэмнэл зөв ажиллана. Суудлын ажил хийдэг хүмүүсийн биеийн хэм хэлбэлзэхгүй учир дулааны ритм нь шулуун шугам болчихдог учраас шөнө олигтой унтаж амрахгүй өдөр нойрмоглох, ядрах зэрэг үзэгдлүүд илэрдэг.
Дүгнэж үзвэл, биологийн цагаа зөв ажилладаг болгоод, нойрны хэмнэлтэйгээ унтах сэрэх цагаа тааруулж чадах юм бол бага унтаад их амарч чадах юм байна.
Зөвлөгөө
Нарны гэрлийн талаар
- Өглөө босонгуутаа аль болох нарны гэрэл үзэх
- Шаардлагагүй бол нарны шил зүүхээс татгалзах
- Өдрийн цагт аль болох гэрэл гэгээтэй орчинд байх
Хөдөлгөөний талаар(хөдлөөгүй биеийг амраагаад ч яах билээ)
- Өглөө босоод идэвхтэй хөдөлгөөн хийж байх
- Орой унтахаасаа өмнө 3 цагын дотор хүнд дасгал хийхгүй байх
- Өдрийн цагт аль болох хөдөлгөөнтэй байхыг хичээх
Унд хоолны талаар
- Архис, тамхи, кофе хэрэглэхээс татгалзах
- Өдөрт дор хаяж 1.5 литр ус ууж байх
- Орой хүнд хоол идэхгүй байх
- Ямар нэг нойрсуулах төрлийн эм тан хэрэглэхгүй байх
Хурдан унтах талаар
- Орондоо ороод өдрийн болж бүтээгүй зүйлсээ мартах
- Унтах гэж өөрийгөө хүчлэхгүйгээр, тайван хэвтэх
- Орыг унтах, сэкс хийх хоёроос өөр зүйлд ашиглахгүй байх. Ингэснээр бие чинь оронд ормогц унтах ёстой гэсэн рефлэкстэй байх болно.
- Хөрвөөх, хөдөлгөөн хийхдээ аажуухан яст мэлхий шиг байх
- Элдэв юм бодогдоод байвал юу ч бодохгүй байх гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй, харин ч өөрт таатай мэдрэмж төрүүлдэг зүйлийг төсөөлөх
- Ор дэрээ биенд эвтэй байлгах
- Унтахын өмнө хэт халуун шүршүүрт орвол биеийн халуун чинь нэмэгдсэнээр хэсэгтээ нойр сож чадахгүй
- Өрөө бага зэрэг сэрүүвтэр байвал сайн унтдаг
Эцэст нь хэлэхэд нарны гэрэлд өрт, идэвхитэй хөдөлгөөнтэй бай. Гэтэл одоо миний байгаа газар бол өдөржингөө гадаа байсан ч нарны гэрэл олж үзэхгүй өдөр зөндөө байх юм. Дээрээс нь бараг хөдлөхгүй байгаагийн улмаас нойрны хэмнэл маань шулуун шугам болчихоод олигтой унтаж ч чадахгүй, олигтой сэрж ч чадахгүй зомби болчоод байх шиг байна. Өнөөдрөөс хэрэгжүүлж үзээд үр дүнг нь үзнэ ээ.