Итгэл даана аа гэдэг чинь..
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү тэгж эрдэм өвөртөлж ирнэ
…гэж дээр нэгэн цагт их зохиолч бичиж байж. Тэгтэл саяхан CICC-ийн бриж инженерийн сургалтад ирсэн нэг нөхөр бултаад алга болчихдийм даа. Нэр усыг нь дурдаад ч яахав, D гэдэг компаний Г гэдэг нөхөр, анхнаасаа л нэг харах царайны Бриж инженер байтугай жирийн програмчин ч болох шинжгүй гөлдийсөн баагий байсийн. Тэгсэн яг миний бодсон үнэн байсан болж таарах шив..
Хамгийн зэвүүн нь араасаа ирэх “жинхэнэ” хүмүүсийнхээ замыг бул чулуугаар таглачихаад амиа бодоод бултчиж байгаа юм. Яах гэж ийм юмсыг явуулдаг байна аа, эсвэл тэр байгууллагын монгол дахь төлөөлөгч нь алга болсон баагийгаас мөнгө төгрөг аваад хил давуулж өгсөн юм болов уу?
Хүнийг худлаа сэрдэж болохгүй л дээ, гэхдээ ямар ч байсан CICC-ийнхний итгэлийг манайхан даасангүй, дараагийн удаа монголоос хүн авахгүй гэвэл яана, амар болох байлгүй ёстой.
Ер нь сүрхий гавъяа байгуулж гялалзаад сүйд болохгүй ч гэсэн итгэл даана гэдэг чинь өөрөө үнэлэгдэж байх ёстой том гавъяа гэж боддог юм. Би бол итгэл даах хүнийг илүүгээр хүндэтгэх болно. Тийм хүмүүстэй нэг баг байхад сэтгэл өег, ажил ч бүтэмжтэй байдгийг хэлэх юун.