Аз жаргал гэж юу вэ?
Энэ асуултыг бага сургуульд хэл уран зохиолын хичээл дээр зохион бичлэг бичих гэж өөртөө анх тавьж байсан санагдана. Тэр үед яг юу гэж бичсэнээ санахгүй байна. Бодвол дайнгүй энхтайван, аав ээжтэйгээ хамт гэх мэт авч өгөө биз. Үнэндээ бол хурдхан даалгавараа хийчихээд гадаа гарч тоглох хамгийн жаргал байсан даа.
Шилжилтийн насан дээр очоод охинтой үерхчвэл л жаргал гэж төсөөлж байлаа. Даан ч тэгж дөнгөөгүй юм. Одоо бодоход тэр үед ном унших л жаргал байж, өвлийн хүйтэн өдөр дулаахан гэртээ ном уншаад сууж байхад үнэхээр жаргалтай байдаг сан. Тухайн үедээ мэдсэнгүй өнгөрчихөж.
Сургууль төгсөж ажилд ороод санаа зовох зүйлгүй, өөрөө өөртөө сэтгэл хангалуун байх л жаргал юм гэж бодож байлаа. Бараг л тэгж чаддаг байсан ч заримдаа өөрийнхөө жижгийг мэдэх тусам давчдаж зовдог болов.
Хэдэн жилийн дараа гэргийтэйгээ учрах үед эзгүй арал дээр ч юмуу зэлүүд ойд ч юмуу байшин бариад хоёулахнаа хамт нам жим амьдрахсан гэж мөрөөдөж үүнийг л жаргал гэж бодож байлаа. Гэтэл одоо бодоход зүгээр л хамт байсан нь жаргал байж.
Одоо хоёр хүүхдийн аав болж өнөр өтгөн гэр бүлтэй болсон би аз жаргалыг ямраар төсөөлж байна вэ? Сүүлийн үед ажил ч их, ар гэрт ч бужигнаантай, бэрхшээл ч их … гэтэл энд яагаад аз жаргал гэж байхгүй байна. Эсвэл би өмнөх шигээ хамт байгаад байгаа аз жаргалаа анзаарахгүй өөр юм мөрөөдөөд байна уу? Тийм л болов уу? Тэгэхээр түүнийг яг одоо олж харья. Ингээд гол зүйлдээ орьё.
Саявтархан хаанаас ч билээ, "Бишрэм сайхан орд харшийг үзэж сонирхож явна гэж бод. Аз жаргал гэдэг бол дүүрэн устай аяга гартаа бариад нэг ч дуслыг асгалгүйгээр орд харшийн бүх сайхныг нь үзэж чадах юм." гэсэн утгатай зүйлийг уншлаа. Тэр үедээ учрыг нь олсонгүй жаахан гайхасхийгээд өнгөрч. Гэтэл өчигдөрхөн толгой өндийх завгүй юм хийж суугаад гэнэтхэн гэр бүлийнхнийхээ зургийг хартал тийм л юм байна даа, аягатай усыг асгалгүйгээр аль сайхан бүхнийг мэдрэх хэрэгтэй юм байна гэж өөрийн эрхгүй бодлоо.
Хийх ёстой зүйл, үүрэх ёстой хариуцлагаа хүлээхийн хажуугаар мэдэрч чадах сэтгэлийн таашаал, ханамжаар л аз жаргал минь хэмжигдэхийг ойлгосон юм. Хоёр хүүхэдтэйгээ хамт байх, тэднийгээ харах, тэдэнтэйгээ тоглох, эхнэртэйгээ нэг бүтэн өдөр бодох юмгүй санаа амар байх бол яах аргагүй жаргал мөн билээ. Гэтэл энэ бүхнийг эдлэнгээ ажил төрлөө амжуулах, амжилт бүтээл гаргах гэдэг хэцүү. Аль алинийг нь тэнцүүлж чадвал аз жаргал тэр. Гэхдээ ажил гэдэг тэр чигээрээ аягатай ус биш, үр хүүхэд амраг хань гэдэг тэр чигээрээ сайхан орд харш биш. Ажил хийхдээ ч гэсэн хийж байгаа зүйлээсээ таашаал авч чаддаг, жаргаж цэнгэж байхдаа ч гэсэн тааруулж тэнцүүлж чаддаг байх хэрэгтэй юм болов уу.
Аягатай усаа асгалгүйгээр аль сайхан бүхнийг харж сурья…
Эгдүүтэй жаахан охин
Энхрий хайрт ханьдаа