Гэрээс холдоод төрсөн бодол
Япон улс руу зургаан сар сургалтанд явах чимээ хоёр сар орчимын өмнө сонсогдсоноос хойш сүх далайтал үхэр амар гэгчийн үлгэрээр бэлтгэлээ базааж дуусалгүй байсаарявах өдрөө сандран байж амжуулав. Гэтэл нэг л юм дутуу шиг санагдаад дотор харлаад болж өгдөггүй. Энэ юу байваа.
Уг нь явахаасаа өмнө гэр бүлтэйгээ ганц бүтэн өдөр ч болов хамт байя гэж бодсон боловч наана нь хийх ажил их байснаас бүтсэнгүй. Хамгийн чухал зүйлээ орхигдуулжээ. Зүй нь бол чухал зүйлээ эхлээд амжуулах ёстой. Нисэхээсээ хоёр цагын өмнө л нэг юм бэлтгэл ажлууд дуусч чемодан бэлэн болов. Ингээд хүү эхнэр хоёр маань онгоцны буудлын шилэн хананы цаана үлдэх үед нэг л юм дутуу мэт санагдаад байсан хэрэг.
Онгоц шөнийн нэг цаг өнгөрөөж ниссэн боловч эхнэр хүүхдүүдээ бодоод ер унтаж чадсангүй. Харамсах зүйл их байлаа. Хажууд нь байхдаа мэддэгүй мөртлөө холдохоороо би гэдэг хүн дэргэдэх хүмүүсийнхээ үнэ цэнэ, хайр халамжыг мэдэрсэн нь харамсалтай. Өчүүхэн жаахан юман дээр гэргийдээ юунд уурлаж урамыг нь хугалдаг байв, хүүгээ шөнө уйлахад нь юунд төвөгшөөж уцаарладаг байв… Хүү минь дүүтэй болоод агаа болчихсон болохоос нялхаараа амьтан шүү дээ. Эргэж очоод гэр бүлтэйгээ хамт маргааш дэлхий сөнөх гэж байгаа юм шиг нэг өдрийг өнгөрөөнө өө. Нэг биш олон өдөр тийм байвал бүр сайн сан.
Нээрээ маргааш дэлхий сөнөнө гэвэл та юу хийх вэ? Хэн нэгэнд хэлээгүй үг бий юу? Хэн нэгэнд өгөөгүй зүйл байна уу? Тэгвэл хүлээх хэрэггүй, түүнийгээ яг одоо л амжуул.