Японд сурахын ашиг
Сүүлийн жилүүдэд монголчууд маань японд очиж сурч ажиллах төрөл бүрийн боломжууд бий болж байгаа нь сайхан. Би л гэхэд 2 жилийн өмнө нэг богино хугацааны сургалтад яваад ирсэн. Японд очиж суралцсанаар нилээд олз омог олсон гэж боддог.
Толгойгоо цэнэглэх. Япончууд сургалт зохион байгуулах, хүнд юм сургахдаа үнэхээр сайн. Төлөвлөгөө хуваарь, сургалтын агуулга, практиктай хослуулсан байдал, багш нарын мэдлэг, бэлтгэл гээд тун сайн байгаа нь харагдаж байлаа. Үүнээс гадна хүнд сурах бүх нөхцөл бололцоог хангахыг зорино. Сургалтын зардалыг даана, байр сууц хоол ундаар хангахаас гадна, ном сурах бичиг, тоног төхөөрөмжийн хангалт чамлалтгүй.
Юм үзэх. Хөгжилтэй оронд очоод ёстой л нүд тайлах гэгч болсон байх. Байшин барилга, зам гүүр, техник технологийн хөгжлийг гайхаад барахгүй, хүмүүсийн сэтгэлгээ, харилцаа, ухамсар, соёл иргэншлийг нь үнэлэхээс аргагүй байлаа.
Мөнгө. Хэдийвээр ил ярилцдаггүй боловч хөгжилтэй оронд тэр дундаа Японд тэтгэлэгээр суралцана гэдэг овоо мөнгө хуримтлуулах бололцоог олгодог. Карманы, хоолны, байрны, буудлын гээд бүх зардлыг даах учраас гар дээр ирэх мөнгөө ариг гамтай зарцуулж чадвал сурахынхаа хажуугаар чамгүй мөнгө хураах боломжтой. Жишээ нь тэтгэлэгээр магистрантурт суралцаад ирж байгаа дундаж оюутан байрны мөнгөтэй ирдэг гэж байгаа. Хоёр жилийн дотор байрны мөнгөтэй болчихно гээд бод л доо? Монголд яаж ч ажиллаад тэр хэмжээний хөрөнгө хуримтлуулах нь юу л бол.
Ойрноос би бээр Япон улсыг ахин зорих гэж байна. Зорилго нь сурах, бас дадлага хийх юм. Их юм сураад, боломжын хирээр мэдлэг чадвар эзэмшээд авахыг хичээнэ дээ. Бас дадлага хийх үедээ олон япон хүнтэй танилцаад танил тал олоод авахыг зорино. Мөнгөний хувьд гэвэл 6 сар сурж ирээд 6 сар байр хөлслөх дайны мөнгөтэй ирэх бололтой. Яахав болж л байна. Хичээнэ ээ хөө, гол нь сурахаа сураад үзэхээ үзээд, хийхээ хийгээд л ирэх юм хуна.