Улаанбаатарт байр хөлслөхөд
Байр хөлслөх… Хурдан хугацаанд хөлслөх байр ольё гэвэл зарын сонинуудын шинэ дугаарыг худалдаж аваад сонирхолдоо нийцэх зарууд руу утасдаж гарна даа. Гайгүй үнэ хэлвэл очиж үзээд боломжын хирээр үнийг буулгахыг оролдоно. Үнэ болоод тухайн байранд өгөх үнэлгээ хоёр маань хол зөрөхгүй байх юм бол гэрээгээ байгуулаад хөлслөнө гэсэн үг. Өмнө нь нэг байрыг яг ингэж хөлсөлсөн юм. 2 жилийн өмнө 120 мянгатад нэг өрөө байрыг сарын 125 мянгаар тохирч хөлсөлж байлаа. Дараа нь тэр хавьдаа 19-р хороололд их амархан аргаар байр олсон доо. Яаж вэ гэхээр, сонирхож байгаа байрнуудынхаа орцнуудынх нь үүдний зарын самбарууд дээр “байр хөлслөнө” гээд зар наачихаад утсаа чагнаад байна даа. Хангалттай олон зар нааж чадсан бол тун удалгүй хүмүүс утасдаж эхлэнэ. Ингэж зар наах нь жаахан ажил орох боловч надад давуу тал олгож өгч байгаа юм.
Сонин дээр зараа тавьсан хүн бол олон хүмүүс дотроос өөртөө хамгийн ашигтай хувилбараар сонголтоо хийнэ. Харин би зар наачихаад над руу хүмүүс утасдах юм бол сонголтыг би хийх юм. Гэхдээ утасдсан хүмүүс дотор сонин дээр зар тавьсан хүмүүс ч байж мэднэ, тийм хүмүүст бас л олон сонголт байх учраас түүнтэй тохиролцоход бас хэцүү, надад давуу тал байхгүй. Харин сонин дээр хараахан зар тавиагүй хүн утасдах юм бол байрыг нь үзэж хараад сайн ярилцаж тохиролцох хэрэгтэй. Боломжын байр олдох магадлал их шүү. Энэ аргыг хамаатны маань хүн зөвлөсөн юм.
Цөөн хоногийн дараа байрны маань хөлсний хугацаа дуусч байгаагийн дээр хөлслүүлж байгаа хүн маань цааш сунгаж хөлслөхгүй гэсэн тул ахиад хөлслөх байр олох хэрэг гарсан юм. Тэгээд өмнөх үр дүнтэй аргаа хэрэглэхээр шийдэж тэр хавийнхаа байрнуудын орцонд зар наалаа. Маргааш нь нэг хүн утасдав. Нэг давхрын 2 өрөө байраа 170 мянгаар хөлслөнө гэнэ. Очоод үзвэл засвар хийгээгүй жаахан царай муутай л юм, гэхдээ наран талдаа цонхтой, гал тогоо томтой, орж гарахад амар нэг давхарт тул боломжын санагдав. Гэтэл тэр хүн маань бас сонин дээр зар тавьсан хүн байжээ, надаас гадна 2 ч хүн байрыг нь сонирхож байгаа юм байна. Би төлбөрөө 6 сараар хийх тул өрсөлдөгчдөдөө цохиулав. Миний өрсөлдөгчид намайг бодвол төлбөрийн чадвар сайтай таарчихлаа. Ингээд тэр байрыг хөлслөх боломжгүй болмогц сөрөг талуудыг нь авч үзэж өөртөө дэм өгөв. Нэг давхарт тул балконгүй юм. Энэ нь манайх шиг байнга юм угааж хатааж байдаг айлд хэцүү, хатаасан юмаа өрөөндөө тохоход хатахгүйгээс гадна өөрөө тасалгаа хэт чийгтэй болчихно. Бас засвар хийгээгүй удсан тул үзэмжгүй, бохир юм. Тэгээд ч энэ бол ганцхан боломж биш. Зар наагаагүй үлдсэн байруудын үүдэнд гүйцээж зараа наагаад хүлээхэд боломжын байр гарч ирж л таараа.