Гэр бүл
Гэр бүлийнхээ талаар жаахан бичье.
Би эхнэр, хүү, охин гуравтайгаа амьдардаг. Хүү маань хэдхэн хоногийн өмнө 2 нас хүрсэн. Төрсөн өдрөөр нь бөмбөг, түрдэг машин авч өгсөн чинь өвөртлөөд унтсан гээ. Охин маань одоо 8 сартай. Эхнэр маань хоёр хүүхдээ жил дараалж гаргаад одоо гэртээ хүүхдүүдээ хардаг. Бид хоёр гэрлээд гурван жил өнгөрчээ, бага хугацаа мэт боловч их зүйл өөрчлөгджээ. Хоёр хүүхэдтэй болж, бие биенийхээ муу сайныг овоо мэдээд авч, ер нь хүн гэдэг зовлон жаргалыг хослуулж байж л амьдралыг ойлгож, ухаан сууж эхлэх нь бололтой.
Гурван жилийн өмнөх Заяа Очко хоёрыг одоогынхтой харьцуулвал их юм өөрчлөгджээ. Сэтгэл санааны хувьд бол гутранги болсон ч юм шиг. Аргагүй биз дээ жил дараалж төрөөд хэнээр ч туслуулалгүй өөрөө хоёр хүүхдээ өсгөнө гэдэг эмэгтэй хүний хувьд хүндхэн даваа бололтой. Хажууд нь байгаа хүний хувьд л лав амаргүй байна. Эргээд бодоход би эхнэрээ сайн ойлгодоггүй байжээ, ажил ажил гээд дандаа оройтож харина, очоод нэг их ядарсан хүн хүүхдийн даавуу ч олигтой угаагаад өгдөггүй байж.
Хөлсний байранд суудаг болохоор цалингийн ихэнх нь байр сууцны зардалдаа яваад өгнө, хүүхдийн унд хоол, живх энэ тэр гээд зардал ч овоо шүү. Өнгөрсөн 2 жилд 3 удаа нүүлээ, нүүхээс залхаж байна. Тэглээ гээд яахав, өөр яалтай ч билээ. Одоо энэ сарын сүүлээр ахиад л нүүнэ дээ. Хүүхдүүдээ бодоод өвөл дулаахан утаа униаргүй газар л очвол зүгээр байгаа юм. Энхтайвны гүүрнээс урагшаа 120 мянгат, 19-р хороолол дажгүй юм байна лээ, агаар сайтай, утаа униаргүй тэгээд бас тэр хавийн байрнууд өвөл дулаан. Одоо байгаа газар маань 19-д л дөө. Өнгөрсөн өвөл тэр хавийн бараг бүх байрны орцны үүдэнд зар нааж байж тэр байрыг олсон юм. Одоо харин Жуковын музейн тийшээ байр олдвол зүгээр байгаа юм. Учир нь манай ажил тийшээ нүүсэн, бас тэр хавь гайгүй цэвэрхэн юм шиг харагдаад байгаа. Гол нь өвөл утаагүй дулаан л бол хаа ч яахав дээ. За энэ ч дараагийн асуудал, наана нь байр хөлслөх мөнгөө олох хэрэгтэй.
Зүдэргээтэй юм их байнаа, гэхдээ гэртээ хариад хүүхдүүдтэйгээ байх сайхан шүү, ялангуяа хүү маань их хөөрхөн. Ажлаа тараад гэртээ ормогц аав гээд л гүйгээд ирнэ. Ээж нь хамаг цагаа дүүтэй нь өнгөрөөхөөс аргагүй байдаг болохоор хүү минь өдөртөө их уйддаг шиг байгаа юм. Одоо нэг тогтвор сууршилтай газар орогнох боломж олдвол хүүгээ цэцэрлэгт өгөх санаа байна. Орой гадаа гаргахаар хүү маань хичнээн их баярлана гээч. Хамгаас дуртай амттан нь ч гадаа гарахын хажууд бол юу ч биш. Гадаа гарах болбол ямар ч чихэр бурамнаас татгалзана. Аргагүй шүү дээ хөөрхий. Наадмаар гэр бүлээрээ хөдөө аав ээж дээрээ очно, тэгэхээрээ л хүүгээ ханатал нь гадаа тоглуулна даа.
Охин маань одоо бараг мөлхөх гээд л байгаа, уг нь мөлхөх цаг нь болсон боловч арай л мөлхөөгүй байна. Ганцааранг нь газар тавиад байвал амархан мөлхөнө л дөө, даан ч ах нь тэгүүлэхгүй. Дүүгээ газар түнтэгнээд хөдлөхөөр нь эгдүү нь хүрдэг юмуу яадаг юм энд тэндээс татаад эсвэл дээр нь гишгэчих гээд байдаг юм. Дүү нь сүүлдээ агаагаа ойртоод очихоор нь л хамгаалалт авдаг болчихсон, гараа сарвайлгаад нүдээ аничихна. Учир нь ах нь ойртоод очихоороо хацарнаас нь татна, эсвэл барьж байсан юмыг нь авчихна. Ах нь дүүгээ өхөөрдөөд л тэгдэг байх. Бас агаагаа хөдөө ганц хоёр хоноод ирэхээр нь санана аа, хүний дүү юм гэж. Охин маань ахыгаа бодвол арай л адтай.
Сүүлийн үед бид хоёр их ядарч байна аа… Эхнэр маань ер нь байнга стрестэй, сүүлийн 2 жил шөнө бүтэн нойртой хоносон нь тоотой, хүүхэд шөнө хөхүүлнэ гэдэг хүнд ажил шүү. Гэхдээ удахгүй гайгүй болох байлгүй дээ, 2 хүүхдээ том болохоор нэг нуруугаа амраах байлгүй эхнэр минь. Болгоно доо болгоно. Амны билгээс ашдын билэг гэдэг шүү дээ.