Дурсамж :: Тогтой танилцсан нь
Тог цахилгаантай анх хэрхэн танилцаж байснаа саяхан нэг явдлаас болж эргэн санасан юм, тэгээд ахин санахгүй байж ч магадгүй тул бичихээр шийдлээ. Хэд хоногын өмнө би эгчийнхээ 6 настай хүүгийн тоглоомны тог хувиргагчыг түр хэрэглэх хэрэг гарсан тул эгч надад түүнийг нь авчирч өгсөн юм. Гэтэл хүү нь надад миний төсөөлж байснаас илүү тог цахилгааны талаар мэдлэгтэй болохоо харуулж хувиргагчыг хэрхэн ашиглах талаар баахан юм ярьж, гал хамгаалагч нь шатвал ингэнэ тэгэнэ гэх зэргийг тоочсоны төгсгөлд миний хэлснийг мартаад буруу залгаж шатаачихваа гэж хүртэл захилаа. Тэр хувиргагч гээд байгаа нь 120 вольтыг 220 руу, мөн эргээгээд 220 иос 120 руу хөрвүүлдэг адаптер байсан юм.
Намайг бага байхад тогонд залгаж цэнэглэдэг тоглоом гэж байсангүй. Батерейгаар ажилладаг тоглоом ч нүдний гэм, мөрөөдөл байлаа. Би анх ер нь хэзээ тог цахилгааны талаар ойлголттой болсноо санахгүй юм, 5-6 орчим настай байхдаа ямар ч байсан чийдэн тогоор асдаг, шонгын модон дээгүүр тохоотой утсаар тог дамжиж ирдэг, бас зурагт, радио тог тасарвал ажилладаггүй болохыг мэддэг байлаа.
Тогонд цохиулж үзээгүй хүн гэж ер нь байдаггүй байх. Би бол анх 5 настай байхдаа тогонд цохиулж билээ. Нэг өдөр намайг гэрт үлдээхээр болж урд хашааны эмээг намайг харуулахаар гуйж би тэр эмээтэй гэртээ үлдлээ. Бүрэнхий болж байсан тул эмээ намайг гэрлээ асаагаарай гэсэн шиг санагдаж байна. Өвөөгийн орны харалдаа байдаг уньнаас унжаастай гэрлийн унтраалгыг бариад автал гар жирсхийх шиг болоод юу болсон бүү мэд орон дээрээс арагшаа үсрээд уначихдаг байгаа. Өвдсөндөө ч бус цочсондоо баахан уйлаад түүнээс хойш тогонд хүрч болдоггүй юм байна гэдгийг биеэрээ мэдэж авсан юм.
Түүнээс удаагүй нэг өдөр илүү дутуу хог новш, түмпэн сав хадгалдаг хойд амбаар дотроос жижигхэн чийдэн олов(мотоциклийн дохионы гэрэл байсныг сүүлд олж мэдсэн юм). Тэгээд өнөөх гэрлээ асааж үзэх арга хайлаа. Ямар ч байсан гэрлийг тогоор асаана. Тог хаанаас олох вэ гэж бодов. Гэхдээ зүгээр гэрт оруулаад тогонд залгаад асаах бус харангхуй шөнө гадаа асаагаад гар чийдэн шиг барьж явах юм төсөөлж байлаа. Ингэхийн тулд тогийг ямар нэг аргаар хурааж авах хэрэгтэй. Юунд хурааж авах вэ? Шонгийн модны утас хөнгөн цагаан байдаг тул хөнгөн цагаан утсанд хурааж авч болох юм байна гэж сэтгэв. Тэгээд ч надад олдох материал нь тэр л байв. Баахан урт богино бүдүүн нарийн хөнгөн цагаан төмөр утасны өөдөс цуглуулж ээрүүлийн утас шиг бүгдийг нь нийлүүлж ороогоод атгасан гараас арай томхон төмөр утсан бөмбөлөг хийв. Түүндээ тогны залгуур луу залгах нэг урт үзүүр ч гаргав. За ингээд миний тог хураагуур бэлэн болов. Хураагуурынхаа үзүүрыг өвөө эмээгийн нүднээс далдуур зурагтын хажууд зургын жаазны урд байдаг тогны залгуур луу хийх л үлдлээ. Сиймхий гарч өгөхгүй нилээн орж гарч цаг өнгөрөөв. Тэгтэл ч ашгүй өвөө хаашаа юм гарч эмээ толгой дээгүүрээ дээлээ нөмрөөд хэвтээд өглөө. Тог хураагуураа аваад хойд орон дээр гарч үзүүр хэсгийг нь тогны залгуурын нэг нүх рүү нь хийх гэж үзэв. Азаар хамгаалалттай залгуур байж л дээ. Нүх нь ил биш хаалттай тул ишнүүрыг залгуурт хийхийн тулд нилээд хүч ордог орос залгуур байсан юм. Ингээд тог хурааж авч чадсангүй. Сүүлд яаж тогонд цохиулчихаагүй юм гэж бодогддог ч зөвхөн нэг нүх рүү нь хураагуураа хийлээ гээд яах ч гүй байх байсан нь тодорхой.