Гитар хөгжим
Би гитар тоглох дуртай, гэхдээ сүүлийн 3 жил тоглосонгүй. Хаа нэг тааралдахаар нь л барьж авахаас биш хэрэг болгож цаг гаргаад тоглож суусангүй уджээ. Яагаад би гитараа тоглохоо больчихов?
Хэд хэдэн шалтгаан байгаа.
Нэгдүгээрт маш их ажилтай болсон, энэ үе барагцаалбал 6 жилийн өмнөөс буюу сургуулиа төгсөөд ажилд орсоноос эхлэсэн байх. Тэр үед их суудаг байлаа, ихэнхдээ өглөө очиж суугаад л орой шөнө дөлөөр харина. Гэхдээ л тэр үед одоогынхыг бодвол овоо тоглодог байжээ. Харин одоогоос 4 жилийн өмнөөс бүр тоглохоо байчихаж гэртээ ч гитаргүй болсон. Уг нь надад 2 гитар байдаг байсан юм. Хоёуланг нь цувруулаад хөдөө гэртээ аваачаад орхичихсон эргээж авчирсангүй учир нь тоглох зав бараг байхгүй л дээ. Яагаад гэвэл эхнэр авсан хүүхэдтэй болсон. Ой гарангийн зайтай 2 хүүхэд гээд бодохоор өөр хүнээр л туслуулдаггүй юм бол орой очоод зав гарна гэж саналтгүй дээ. Сүүлийн 2-3 жил ядарч байна шүү. Би бас гайгүй эхнэр бол бүр гүнзгий стрестэй байгаа, гэхдээ ахиад 2 жил гүрийчихвэл арай гайгүй болоод тэрнээс цааш бүр амар болох байх гэж найдаж л сууна. За энэ ч хадуураад явчихлаа. Дараа тусгай гарчиг дор гэр бүлийнхээ талаар бичнэ. Одоо эргээд гитар луугаа орьё. Гитарыг тэгвэл би хэзээ хоби болтол нь тоглочихсон юм бэ гэж асуугдах нь. Оюутан байхдаа буюу 2 курсээсээ л эхэлсэн дээ. Хөгжим их сонсдог байлаа, манай ангид нэг Алтангэрэл гээд хүүхэд байсан юм сүүлд гарчихсан л даа. Тэр залуу дажгүй гитар дарчихна, ер нь хөгжимийн авьяастай лимбэ , аман хуур бас дарна. Нэг өдөр анги дээр гитар аваад ирж хүн болгон барьж үзээд чаддаг нь ганц нэг дуу дарж үзээд бүгдээрээ арийн ширээн дээр овоорчихсон байж байлаа. Манай ангид ер нь арван жилдаа гитар дарж сурсан 3 хүүхэд байлаа. Төмөр бол хотын хүүхэд, орцонд их сууж тоглодог байжээ орцны дуунуудыг хөөрхөн орцны стилээр дараад дажгүй дуулчихна. Баттөр бол Өвөрхангайн Хархорин хотоос ирсэн хүүхэд зохиолын дууг гайгүй сайн дуулна. Гитараа ч тааруулаад сайхан дарчихна. Алтангэрэл Говьалтайгаас ирсэн хүүхэд байлаа, хэнээс сурсаныг бүү мэд Пүрэвдорж гуайн шүлэг “Сумын наадам” гэж дууг гитар дээр дарж дуулж үзүүлсэн нь надад их таалагдаж тэр цагаас гитарыг нилээд сонирхож эхлэв. Зурагт радиогоор дуу хөгжим сонсохдоо ч гитарын дугаралтыг ялгаж сонсохыг хичээдэг байлаа.
Ингээд зуны амралтаар гэртээ очоод гитараар хичээллэж эхлэхээр шийдлээ. Дашрамд дурдахад манай аав залуудаа гитар тоглодог байсан бөгөөд өөрийн зохиосон дуутай, хамтлагтай байсан юм. Би тэр үеийг нь мэдэхгүй л дээ, намайг том болсоноос хойш аав гитар , хамтлагаа больсон байлаа. Ингээд би гитар сурах хүсэлтэй байгаагаа аавд хэлснээр аав нэг танилаасаа хуучин орос шар банзан гитар олж ирж хичээллэж эхэлсэн түүхтэй. Эхлээд надад хэдэн барилт зааж дараа нь барилтуудаа барьж чадах болсон үед эмээ өвөө бясаа гурав, мөнгөн хазаарын чимээ, сумын наадам, сэтгэлийн жигүүр гээд тэр зундаа нилээд хэдэн дуутай болж билээ. Гэхдээ нэг гэм нь дуулахдаа жаахан тааруу.
Намар ч болов, хичээлдээ ирээд чөлөө заваараа гитараа л бариад авна. Таалагдсан дуугаа нухаж байгаад өөрөө оруулна. Гадаад дуунаас Маленкая страна, Hotel california, Nothing else matters зэрэг дуунуудыг өөрөө бие даан дардаг болж овоо урамтай байдаг байлаа. Beatles ийн овоо хэдэн дууг сурав. Монгол дуунуудыг ч нилээд олныг сурж ангийнхантайгаа байхдаа дарж дуулцгаадаг байлаа. Эдгээр дууг дандаа л өөрөө нухсаар сурж байсан хэрэг . Сүүлд интернетээс гадаад дууны акордуудыг олж авдаг болоод нилээд их сан цуглуулжээ. Гитарын гоё програмууд ч байдаг юм байна лээ. Дараа жил нь зуны амралтаар гэртээ очоод цахилгаан гитар барьж үзэв. Аав нэг найзаасаа гитарыг нь гуйж авч өгсөн хэрэг. Тэр гитарыг би бараг нэг жил орчим тоглоод эзэнд нь эргүүлж өгсөн юм. Дээр үеийн хуучирсан орос гитар байсан сан. Хар өнгөтэй , их хүнд ритм гитар байлаа. Өсгөгч байхгүй байсан тул дээр үеийн орос хөгжимний өсгөгчийг нэг өдөр ноцолдож байж ажиллуулж залгаад дугаргаж үзсэн ямар сайхан санагдаж байваа.
Тэрнээс хойш нэг дажгүй сайн гитарыг облушктай нь нэг халуурчихсан согтуу нөхөрөөс тун хямдхан худалдаж авсан нь одоо хүртэл хөдөө гэрт байж л байгаа. Тэр гитартай байхдаа Эрхүүгээс ирсэн нэг сайн гитарчны хичээлд сууж овоо юм сонсож авч байлаа. Долгион гэж хөгжмийн зохиолч Оросоос Сайга гэж нэртэй гитарчныг авчирч 14 хоногын курс хичээллүүлсэнд нь сууж байсан юм. МУИС ийн Эдийн засгийн сургуулийн урд байдаг Yesterday гээд ресторанд болж байсан санагдана. Гитар дарахад гар хуруугаа яаж байрлуулахаас авахуулаад сонгодог стилүүд зэрэгээс зах зухаас нь үзүүлж билээ. Миний хувьд анхнаасаа буруу сурчихсан болохоор зааснаар нь хийхэд тун хүндрэлтэй байлаа. Нэг өдөр очсон чинь юу ч хамаагүй дараадах гэдэг юм байна, Metallica -гийн Nothing else matters -ийг дарсан чинь гар хуруу эвлэж өгөхгүй сандраад тун муу дарлаа. Тэгсэн би наад аяийг чинь мэдэхгүй юм байна гэж билээ. Сайга бол сонгодог хэлбэрийн гитараар ихэвчлэн тоглодог дээр үеийн дуунуудыг мэддэг хүн байсныг сүүлд мэдсэн юм. Явахдаа ШУЦО дээр нэг жижгэвтэр тоглолт хийгээд явсныг нь би хүнээс камер авч бичиж авсан боловч дараа нь нэг ч үзээгүй байсаар касетийг нь хүнд өгчихсөн дөө.
За миний гитараар хоби хийж байсан дурсамж нэг иймэрхүү. Сүүлийн үед орхисон боловч удахгүй эргээд сэргээнэ гэж бодож байгаа. Хааяа хааяа гитараа дармаар санагдах үе бий. Гитар хөгжим тэрхэн хугацаанд миний баяр баясгалан уйтгар гунигаа хуваах анд нөхөр минь байсан юм даа.
Би гитарт дуртай…